Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ОРЛОГОО ДАВСАН ХЭРЭГЛЭЭГ БУС ХУРИМТЛАЛЫГ ДЭМЖИЦГЭЭЕ

Аливаа аян нь олон нийтийн санал дэмжлэг дээр тулгуурлан өргөн хүрээг хамарч, өндөр зохион байгуулалт, үр дүнгийн хэм хэмжүүртэй хэрэгжиж, ард түмний хэрэгцээ, ашиг сонирхолд нийцэж байх тусмаа нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирдаг. Монгол Улсын Засгийн Газраас Атрын 3 дугаар аяныг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд Монгол Улс 2011 онд түүхэнд байгаагүй их ургацыг хураан авч, улаан буудайны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах амжилтад хүрсэн билээ. Тэгвэл ХасБанк Зөв Банк нь энэхүү аянтай aч холбогдлын хувьд ч тэр, үр дүнгийн хувьд ч тэр, олон нийтийг хамрах байдлын хувьд ч дүйцэхүйц хэмжээний аяныг “Хуримтлалтай Монголын Төлөө” нэрийн доор эхлүүллээ.


Өнгөрсөн жилүүдэд Монголчууд бид өдөр ирэх бүр хаяанд маань хөгжин цэцэглэж буй Эрээн хотын хямдаас хямд бараанаас эхлээд дэлхийд танигдсан брэндийн бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, хоол хүнсийг барууны орнуудын өндөр үнээр ч хамаагүй худалдан авч, хэрэглэж ирлээ. Монголчууд бид Вьетнам цалинтай ч Европ хэрэглээтэй оронд амьдарч байна хэмээн зарим нэг нь халаглан байж шоглох нь ч бий. Энэ мэт Монголчууд бидний хэрэглээ өртөг ихтэй байх тусам дотоодын үйлдвэрлэл, экспортын ашиг орлого бага манайх шиг орны хувьд бид бүхний бүтээсэн мөнгөн баялаг гадагш урсдагийг өнгөрсөн болон одоо болж эдийн засгийн үзэгдлүүд бэлээхэн харуулж байна.  Өөрөөр хэлбэл бид бүхний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, түүнд зарцуулагдах цалин мөнгө маань борооны дараах үерийн ус шиг сул урсаж байгаа нь бидэнд томоохон анхааруулга болж байна.


     Бид өөрсдийн махаа зулгааж, Тамирын голын мөсийг долоох шахан байж олсон хэдэн төгрөгөө энэ мэтчилэн аахар шаахар зүйл хийгээд орлогоо давсан хэрэглээнд үрээд хэрэглээд дуусгах уу. Монголчууд бид баяр болгоноор бялуутай байх албагүй, харин баяр болгоноор баялагаа өсгөх учиртай. Учир нь эх орны маань баялаг гадагш урсаж, эдийн засаг нэмэх хасахын хооронд байнга хэлбэлзэж, инфляци улирал бүр огцом өсдөг энэ байдлаасаа ангижиртал бид бүхэн өнөөдрийнх шигээ хэрэглээгээ нэмээд байх уу, аль эсвэл ойрын болон холын ирээдүйдээ баялагаас баялаг бүтээхийн төлөө хуримтлуулах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. 


  Мянгат малчинд зуднаар гаргах хонь олддоггүй гэдэг шиг иргэд хуримтлалтай болчихвол түүнийгээ зөв удирдахын тулд ур ухаанаа гаргах нь ойлгомжтой. Нэгэнт бий болгосон баялагаа юунд зарцуулах нь тухайн хүний асуудал боловч үүсгэсэн багахан хуримтлалаа үр дүнтэй зүйлд зарцуулах нь хувь хүнд төдийгүй нийгэмд ач холбогдолтой байдаг. Учир нь иргэд бий болгосон хуримтлалаа хөрөнгө оруулалт хэлбэрээр боловсрол, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн аль ч салбарт хийх боломжтой болж, эргээд энэхүү хөрөнгө оруулалт нь нийгэмд баялаг бүтээх юм.


  Монголчууд бид үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч бас хуримтлагч ард түмэн байх хэрэгтэй. Хэдийгээр нэг байгууллага, нэг хамт олон үүнийг олон нийтийн уриалга болгон эхлүүлж, далайд дуслын давалгаа нэмэрлэж байгаа мэт боловч энэхүү аяны зорилт нь Монголын иргэн бүрийн зорилт болон хэрэгжиж, эцсийн үр дүнг нь Монгол Улсын Иргэн бүр хүртэнэ. Аль ч утгаараа олон нийтийг хамарсан, ач холбогдол өндөртэй ийм аяныг нэг байгууллага дангаараа авч явах нь тийм ч амар биш. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд хамтран иргэдэд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, иргэдэд баялаг бүтээх үндэс суурийг бүрдүүлцгээе. Хуримтлалын төлөө нэгдэгтүн.

Ч.Мөнхбаяр