
ХасБанк 10 Жилийн Ойн Баяраа Хүүхэд Багачуудтай Хуваалцлаа
Орон даяар тархсан үйлчилгээний цар хүрээ, он жил дараалсан тогтвортой үйл ажиллагаа, Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдэлсэн бодлогоороо системийн хэмжээний банк болтлоо хөгжиж, 400,000 харилцагчдын амжилт, 1,300 ажиллагсдын итгэл зүтгэлийн дагуулсан ХасБанк нь 12 сарын 27-ны өдөр арилжааны банкны зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэний 10 жилийн ойн баяраа эцэг эхийн хайр халамжаар дутмаг хэдий ч авьяас, мэдлэгээрээ үеийнхнээсээ дутахааргүй тусгай сургуулийн хүүхэд багачуудтай хуваалцлаа.
Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир тэргүүтэй ХасБанк болон ХАС Холбоо ТББ-н ажиллагсад, хамт олон өнөөдөр оны шилдэг хүүхдэд ээлтэй халамжийн байгууллагаар тодроод буй Баянзүрх дүүргийн Амгалан дахь Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төв болон Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургууль дээр айлчилж Шинэ оноо угтах гэж буй бяцхан хүүхэд бүрийн баяр дээр баяр нэмж, шинэ жилийн бэлгээ гардууллаа.
Эдгээр сургуулиудын хүүхэд багачууд нь ХасБанкны санхүүжилтээр хэрэгжидэг Афлатон болон Тэмүүлэл санхүүгийн боловсролын хөтөлбөрт хамрагдаж хувийн санхүүгээ зөв удирдан зарцуулах мэдлэг, биеэ даах чадварт суралцдаг төдийгүй жил бүр орон даяар олон мянган хүүхэд багачуудыг хамруулдаг хөлбөмбөгийн Их Талын Дуулиан 2020 тэмцээнд оролцож чамгүй амжилтыг байгуулж чаджээ.