ХасБанк Франчайзингийн салбарын онцлох байгууллагаар тодорлоо
Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-с шалгаруулсан “ENTREPRENEUR 2011” шагналд салбартаа төрөл бүрийн бизнесийн шинэ санал, санаачилгийг бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлэгч ХасБанк шалгарлаа. ХасБанк “Франчайзингийн Салбарын Онцлох Entrepreneur” байгууллагаар тодорсон юм.
ХасБанк нь 2003 оноос эхлэн хөдөө орон нутагт тэр дундаа суманд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж, зээлийн хоршоо болон хоршоо байгуулахаар нэгдээд байгаа иргэдтэй “Хөгжлийн хөтөч” франчайзингийн үйлчилгээгээр хамтран ажиллаж ирсэн. Мөн эдгээр хадгаламж, зээлийн хоршоодод сургалт хийх, санхүүгийн үйлчилгээний зөвлөгөө өгөх, гарын авлага, санхүүгийн программ хангамжаар хангахаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжийн, санхүүгийн түрээсийн, эргэлтийн хөрөнгийн, ажлын байр нэмэгдүүлэх бага хүүтэй зээлийг тус тус олгож ирлээ.
Түүнчлэн орон нутагт эдгээр хоршоод байгууллагдсанаар иргэд хоршоогоороо дамжуулан нийгмийн шинжтэй ажлуудыг зохион байгуулж, байгаль орчноо хамгаалахад олон нийтийг уриалах, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
ХасБанк нь өнөөдрийн байдлаар нийт 70 гаран хадгаламж, зээлийн хоршоодтой франчайзингийн гэрээгээр хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээр хоршоод нь нийт 12,000 гаран иргэдийн гишүүнээр элсүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаагийн гуравны нэг нь хөдөө аж ахуй эрхлэгчид байгаа юм. Эдгээр хоршоодын дунд гишүүдийнхээ тоог 1,200-д хүргэж, нийт 500 сая төгрөгийн активтай, өөрсдийн гэсэн ажлын байртай, гүйцэтгэх албандаа 5 хүнийг тогтмол ажлын байртай болгож сумын банкны байгууллагын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хоршоод цөөнгүй байгаа нь ХасБанк франчайзингийн үйлчилгээндээ ач холбогдол өгч ажилладагын тод жишээ юм.