Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Мөнгийг нь бус хүнийг нь дэмжсэн 10 жилийн бодлого, үйл ажиллагаа

Монголбанкны ерөнхийлөгч одоогоос арван жилийн өмнө буюу 2001 онд шинээр нэгдэж үйл ажиллагаагаа эрхлэх болсон Говийн Эхлэл болон Хөгжлийн Алтан Сан банк бус санхүүгийн байгууллагынханд арилжааны банкны нэрээр үйл ажиллагаа явуулах лицензийг нь гардуулан өгч байв.  Энэ бол хожим нь орон даяар салбар нэгжээ байгуулж, 400 мянган харилцагчтай болсон ХасБанк юм. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагад ийм эрх өгч байгаагүй учраас энэ нь анхны тохиолдол болж Монголын хамгийн отгон банк төрж байсан түүхтэй.


Зах зээлийн давалгаанд хөл алдан бужигнаж байсан хүн 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед олон байв. Тухайн үед “бичил” хэмээх ангилалд багтах бизнес эрхлэхийн тулд тэд юу, юу ч байхгүй хоосноос бүх зүйлээ эхлэхээс өөр аргагүй болдог байлаа. Ийм үед тэр олон хүний зориг, хүслийг сонсож, түүнд нь итгэж, тэднийг дэмжих хэн нэгэн байх зайлшгүй шаардлага байсан юм.  Харин тэр “хэн нэгэн” нь ХасБанк болж чаджээ.


Банкны хамгийн анхны харилцагчийн нэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Төв эмийн сангийн Ц.Сэлэнгэ хэмээх жор  хүлээн авагчаар ажилладаг бүсгүй байв. Тэр анагаах ухааны дээд сургууль төгссөнөөсөө хойш бүхэл бүтэн 13 жил тэнд хөдөлмөрлөсөн хүний хувьд “Хувийн бизнесээ цэцэглүүлэх юмсан” гэх хүсэлдээ үе үе хөтлөгдөх болжээ. Түүнд мөнгө, санхүүгийн хувьд найдвартай ар тал болохуйц зүйл хэрэгтэй байв. Хэнд хандах вэ. Ингээд тэр Гурванмэргэд зах дээр лангуу түрээслэн эмийн худалдаа эрхлэхээр шийджээ. Үүний тулд 2,000 онд анх удаа ХасБанкнаас зээл анх авч байжээ. Удалгүй бүх зүйл амжилттай бүтэж, авсан санхүүжилтээ амжилттай эргэлдүүлж, бизнесээ хөл дээр нь босгож чадсан Ц.Сэлэнгэ хэмээх энэ бүсгүй тэр цагаас хойш ХасБанкны итгэл дүүрэн байнгын харилцагч болсон юм. Өнөөдөр нөхөр хоёр хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч буй тэрээр банкнаас зээл гэлтгүй хугацаатай, хугацаагүй хадгаламжийн үйлчилгээгээр үйлчлүүлж, АМАR үйлчилгээний идэвхитэй агент болон элсчээ. Түүний бизнесийн үйл ажиллагаа нь өргөжин өөрийн гэсэн ажлын байртай, орон нутагтаа нэр хүндтэй, бас ч үгүй яггүй сайн бизнес эрхлэгч хэмээн цоллуулах болсон байна.


ХасБанк нь байгууллагдсанаасаа хойш гуравхан жилийн дотор 138,415 зээлийн санхүүжилтийг 21 аймаг бүрт байрлах 37 салбар, 506 ажиллагсадаараа дамжуулан олгосон амжилтанд хүрч байсан нь тэрхэн үедээ банк санхүүгийн салбарт цахиур хагалж байсны жишээ юм. Ч.Ганбатын түүхийг энд сонгож авъя л даа. Монголд тавилгын зах зээлийн эрэлт их байсан үе бий. Одоо хэвээрээ шахуу ч ихэнхи гэрийн тавилгыг Хятад, Орос улсаас голдуу оруулж ирдэг байв. Харин үүнийг анзаарсан Ч.Ганбат Монголдоо тавилга үйлдвэрлэхээр зориглож “Монгол Буйдан” ХХК-ийг байгуулав. Зах зээлд байр сууриа олж, баттай зогсож чадахын тулд олигтойхон шиг хөдлөх хэрэгтэй байлаа. Мянга мянган бизнес эрхлэгчдийн адил түүнд ч бас санхүүжилт хэрэгтэй болжээ. Ингээд 2003 онд  ХасБанкнаас гурван сая төгрөгийн зээл авав. Дараа жил нь мөн гурван сая, тэрний хойтон 3,000 ам.доллар авах зэргээр эргэлтийн хөрөнгөө бүрдүүлжээ. Гэр ахуй, албан газар, зочид буудал, зоогийн газар гээд хаа сайгүй буйдан, ширээ сандал хэрэгтэй байдаг. Тэр бүхэнд Ч.Ганбатын “Монгол Буйдан” компанийн бүтээгдэхүүнүүд хүрч, хэрэглэгчдийнхээ магтаал, талархал дунд живж эхэллээ. Өнөөдөр “Монгол Буйдан” компани 30 гаруй хүний ажлын байрыг бий болгож, жилдээ 5,000 гаруй тавилга үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч болоод байна. Ч.Ганбат анх хөл дээр нь босоход зөвхөн бизнесийн зээлээр ч биш мөн сайн ажилтнаа  тогтоох цалингийн зээл,  хадлагамжийн үйлчилгээгээр дамжуулан дэмжлэг үзүүлсэн ХасБанктай одоог хүртэл харилцсаар байгаа аж. ХасБанк, Ч.Ганбат хоёр бие, биедээ хэрэг болж 8 жилийн турш хамтдаа хөгжин дэвжиж иржээ. Түүнтэй адил ХасБанкны хөгжил дэвшил, Монголын ТОП 5 банкны нэг болсон амжилтын ард олон зуун мянган хүний итгэл, түншлэл бий. 


ХасБанк байгуулагдсан цагаасаа хойш Монголын банк санхүүгийн салбарт  хүч түрэн орж ирсэн хамгийн отгон банк хэдий ч салбартаа олон арван шинэ санаачилга, төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээ түүний дунд Ирээдүйн Саятан хүүхдийн хадгаламж, санхүүгийн түрээсийн үйлчилгээ, тэтгэвэрийн нэрийн данс, моргейжийн зээл, картнаасаа мөнгө авах боломж бүхий Cash Back үйлчилгээ, мобайл банкны AMAR үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан нь саяхан. Тийм ч учраас өнөөдөр тус банк бичил санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлж, өөрсдийн хуримтлуулсан туршлага дэлхийн хэмжээний стандарт,  загварыг нэвтрүүлсээр байна. ХасБанк “Planet Rating” хэмээх нэр хүнд бүхий олон улсын үнэлгээний байгууллагаас 2004 онд “А-” үнэлгээ авчээ. Мөн Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн ТОП100 бичил санхүүгийн байгууллага”-ын жагсаалтад 2007 онд ХасБанк багтсан нь санамсаргүй хэрэг биш байжээ. Өөрөөр хэлбэл, ХасБанкны үйл ажиллагааг олон улсын түвшинд үнэлэгдэж эхэлжээ.


Харин 2009 оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ХасБанк анхны бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор гурван тэрбум хүртэлх төгрөгийн зээл гаргахаар болсон. “Уул уурхай хөгжиж байна” гэх ярианы цаана санхүүгийн байгууллагууд “том” тоо ярьж, “том” бизнес рүү анхаарлаа хандуулан “VIP” харилцагчдынхаа тоог нэмэхийг зорьж байх хооронд бичил болон ЖДБ бизнесийн салбарт дутагдаж байсан орон зайг ХасБанк нөхөж чадсан юм. Одоогийн 50,000 гаруй Жижиг, дунд бизнесүүд үүсэн хөгжихөд зөвхөн энэ л итгэлцэл хэрэгтэй байж. Өдгөө ХасБанк нь улс орон даяар тархсан 100 орчим нэгж, алслагдсан сумдын 60 гаруй хадгаламж зээлийн хоршоод, 400 гаруй АМАР үйлчилгээний агентийг хамарсан өргөн сүлжээгээр нийт иргэд төдийгүй, жижиг дунд болон том хэмжээний байгууллагуудад банкны иж бүрэн үйлчилгээг нийгмийн хариуцлагатайгаар хүргэж, харилцагч түмнийхээ төлөөх амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Алсагдсан хол газарт ч жирийн мөртлөө ихийг бүтээх зориг санаачилгатай иргэн бүрт хүрч ажилладаг ХасБанкны харилцагчдын тоо Ц.Сэлэнгэ, Ч.Ганбатаар дуусахгүй. Түүний цаана 400 мянган харилцагч бий. Тэдний ажил, амьдралын амжилт бүхний дэргэд ХасБанк байсан, байсаар ч байна. Түүнтэй адил ХасБанкны 10 жилийн түүхийг тэд л хуваалцаж, тэд л бүтээлцсэн юм.