Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


KIVA зээл Монголд

НХХЯ-аас зарласан "Ажлын сайнаар амьдрал өөдлөнө" нийтлэлийн уралдаанд - Ж.Түвд амьдралын төлөө тэмцэж яваа Монголын дунд давхаргын нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн. Албаныхан “албан бус салбар” гэж нэрийддэг хувиараа бизнес эрхлэгч. Тэр өвлийн хүйтэн жаварт хайруулж, зуны халуун наранд шарагдаж, 10 жил “Нарантуул” худалдааны төвөөс амьжиргаагаа залгуулжээ. “Нарантуул” захаас лангуу “олж” аваад л хүүхдийн хувцас зарж эхэлсэн байна. Эхлээд Эрээнээс хүүхдийн хувцас зөөдөг байснаа сүүлдээ Бээжингээс чанартайг ачуулдаг болжээ. Бизнесийн гараагаа “Хас” банкны “Бизнесийн гарааны зээл”-ийг авч эхэлсэн гэдэг. Дараа нь өсөлтийн, бизнесийн зээл гээд “Хас” банкаас угсруулан зээлж гарчээ. Тэрбээр “Зээл аваад хүүхдийн хувцасны чанар, загварыг олшруулах тусам орлого нэмэгдэж байлаа. Сүүлдээ тогтмол орлоготой болсон. Тогтмол орлоготой болохын хэрээр зээлээ цаг хугацаанд нь найдвартай төлж байлаа” гэж ярив. Бас хүүхдийн хувцас зарсан ашгаараа гурван дүүгээ дээд сургууль төгсгөн ахын үүргээ сайн гүйцэтгэснээ бахархалтайгаар өгүүлэв. Түүнийг дөрөв дэхь удаагаа зээл хүсэхэд, “Хас” банкныхан “Кива” зээл авахыг санал болгожээ. Хүүхдийн хувцасны гаршсан борлуулагчид “Хас” банкныхан “Кива” зээлээ хамгийн бага төвшний хүүтэйгээр өгчээ. Дээрээс нь зээлээ төлж дуусахад нь нийт хүүгийнх нь есөн хувь болох 67 мянга 500 төгрөгийг хадгаламжийн данс нээн буцаан олгосон байна. Ингээд Ж.Түвд “Кива” хэмээх олон улсын сонирхолтой санхүүжилтийн “хишгийг” хүртэх нь тэр.

АНУ-ын иргэн мэдээллийн технологийн инженер Матт Планнери, санхүүч Жисика Жаекли гэх гэр бүлийн хоёр Танзани, Кени, Уганда зэрэг Африкийн оронд буяны байгууллагын шугамаар ажиллаж байхдаа дэлхийн бага орлоготой, ядуу иргэдэд зээл олгох боломжийг эрэлхийлэх санаа төржээ. Энэ санаагаа амьдралд биелүүлсэн нь “Кива” зээл юм. Тэд “Кива” олон улсын байгууллагыг байгуулан www.kiva.org  вэб хуудсаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс илүүдэл мөнгөө хүүгүйгээр, сайн санааны үүднээс улс үндэстэн үл харгалзан бизнес, амьдрал ахуйд нь санхүүжилт хэрэгтэй байгаа хэн нэгэнд зээлэх боломжийг олгосон юм. “Кива” нь нэг ёсны буяны үйл хийдэг байгууллага.

Хэн ч, хаанаас ч www.kiva.org вэб хуудаст хийх гэж байгаа зүйлийнхээ тухай бичиж оруулаад санхүүжилт хүсч болно. Жишээ нь, Өвөрхангай аймагт нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг, хонины нэхийний ченж Б.Бямбажаргал www.kiva.org вэб хуудаст “Хөдөө орон нутгаар явж хонины нэхий цуглуулахад 2350 ам.доллар хэрэгтэй байгаа” гэсэн зээлийн хүсэлт бичжээ. Хэрвээ та Б.Бямбажаргалд мөнгөө зээлэхийг хүсч байвал www.kiva.org вэб хуудас руу орж зааврын дагуу бүртгүүлээд олон улсын эрхтэй виза, мастер картаар зээл олгож болно. Зээлэх мөнгөний хамгийн доод хэмжээ 25, дээд тал нь 500 ам.доллар. Та болон тантай сэтгэл нэгтэй хүмүүс Б.Бямбажаргалд мөнгө зээлсээр 2350 ам.доллар бүрдвэл “Кива” олон улсын байгууллагаас зээлдэгчийн оршин суугаа улсын банктай гэрээ байгуулан зээлийг нь олгоно. Б.Бямбажаргал “Кива”-гийн гэрээт банкнаас зээл авна гэсэн үг. Тухайн банк зээлийн эргэн төлөлт, барьцааг хариуцаж ажиллана. Учир нь та “Кива”-гаас мөнгөө авах учир Б.Бямбажаргал зээлээ найдвартай эргүүлэн төлөх ёстой.

Цахим хуудсаар дамжуулж хүн мөнгө хүссэн зээлдэгчид хүүгүй зээлнэ. Тэрийг нь “Кива” байгууллага банкаар дамжуулж зээлдэгчид өгнө. Банк зээлдэгчээс мөнгийг нь аваад бууцан “Кива”-д өгнө. Кива мөнгө зээлсэн хүнд мөнгийг нь буцаан олгоно. “Кива” зээлийн хэлбэр, тогтолцоо ердөө энэ. Та хэрвээ хүсвэл зээлдэгчид, эсвэл “Кива” байгууллагад мөнгөө хандивлах боломжтой.

Матт Планнери, Жисика Жаекли хоёр энэхүү санаачилгыг 2004 онд дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар 2005, 2006 олонд түгэн дэлгэрч, олон сайн дурын зээлдэгч “Кива”-гийн гишүүнээр элссэн байна. “Кива” олон улсын байгууллагыг хүмүүс бие биедээ, тэр дундаа бага орлоготой иргэдэд зээл олгох боломжийг бүрдүүлсэн шийдэл бүхий сайт хийсэн, дэлхийн ядуурлыг эсрэг тэмцэх хувьсгал болсон гэж үнэлэн нэр хүнд бүхий “World Summit award-2007” шагналыг өгсөн байна.

Тус байгууллагын нэг сая гаруй гишүүн өнөөдөр 257 сая ам.долларыг “Кива”-гаар дамжуулан санхүүгийн дутагдалтай хүмүүст олгожээ. Дэлхийн 61 улсын 146 банк, банк бус санхүүгийн байгууллага орон нутагтаа “Кива” зээлийг дамжуулан олгож буй.

Манай оронд “Хас” банк, “Кредит Монгол” банк санхүүгийн байгууллага “Кива”-тай гэрээ байгуулан зээлийн дамжуулагчаар ажиллаж байна.

“Хас” банк 2009 оноос эхлэн “Кива” зээл олгож эхэлсэн. Одоо тус банк нийт 4.8 сая ам.долларын “Кива” зээлийг 3700 гаруй монгол хүнд дамжуулан олгожээ. “Хас” банк “Кива” зээлээр дээд тал нь 3000 ам.доллар зээлэх боломжтой аж. Тус банкны бичил зээлийн шалгуурыг хангасан хүн “Кива” зээл авах боломжтой юм байна. Зээлээ төлснийх нь дараа нийт төлсөн хүүгийнх нь есөн хувийг буцааж өгдгийг Ж.Түвдийн жишээ харуулсан. “Хас” банкны “Кива” зээлийн мэргэжилтэн Д.Энхмөнх “Манай банк “Кива” зээлээс үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх хэмжээний хүү авдаг” гэсэн юм.

“Кредит Монгол” ББСБ өнгөрсөн жил “Кива”-тай гэрээ хийжээ. Одоо сард 125 мянган ам.доллар зээлэх эрх авсан байна. Тус байгууллага “Кива” зээлийг сарын 2-2.8 хувийн хүү, гурав хүртэл жилийн хугацаатай зээлж байгаа аж. “Кредит Монгол”-ын Бизнес хөгжлийн захирал А.Зориг “Манайх хадгаламж авдаггүй болохоор “Хас” банк шиг “Кива” зээлдэгчийн хүүгийн төлбөрийг буцааж хадгаламж хэлбэрээр өгөх боломжгүй. “Кива” зээлдэгчид хүүг нь бууруулах, барьцаа хөрөнгийн шалгуурыг нь багасгах гэх мэтээр хөнгөлөлт олгодог” гэсэн юм.  

Үндэсний статистикийн хороо албан бус салбарт 138.1 мянган хүн ажиллаж дотоодын нийт бүтээгдэхүүний 8.4 хувийг бүтээдэг гэсэн судалгааг 2010 онд хийжээ. Тэдний 35.6 хувийн зээлийн хүү хэтэрхий өндөр учраас үйл ажиллагаагаа тэлэхийг хүсдэггүй гэсэн байна. Монголын хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч О.Нацагдорж “Хувиараа хөдөлмөр эрхлэгчид голцуу захын гэр хороололд амьдардаг. Тэд их хэмжээний зээл авч бизнесээ өргөжүүлэхэд навтгар байшин нь банкны барьцаа болдоггүй” гэсэн.  

Одоо 135 Монгол хүн “Кива”-гаар дамжуулан 500-2700 ам.долларын зээл авах хүсэлт тавиад байна. Тэдний олонхийн хүссэн санхүүжилтийн 20-55 хувийг “Кива” гишүүд зээлүүлээд байгаа юм. Монголчууд  Ж.Түвд, Б.Бямбажаргал шиг амьдралын төлөө тэмцэж яваа элэг нэгтнүүдээ www.kiva.org-гоор дамжуулж зээл өгөх боломж байна. “Хас” банкныхнаас бүрдсэн “Кива” зээл олгох баг нийтдээ 517 гадаад, дотоодын хүсэлт гаргасан хүнд зээл олгож, Монголоос энэ санаачилгыг түүчээлжээ. Дахин хэлэхэд, “Кива” нь дэлхийн өнцөг булан бүрийн амьдралаа өөд нь татах, хөдөлмөрлөх чин хүсэлтэй хүмүүст хүүгүй зээл олгох, буцалтгүй тусламж, хандив өгөх суваг юм.

Эх сурвалж: Businessnews.mn