Логистикийн салбарыг хөгжүүлэх алхмыг хийлээ
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, түүхий эд иж бүрэн санаачлага хөтөлбөр нь “Худалдааны логистик ба нийлүүлэлтийн менежмент” сэдэвтэй олон улсын бага хурлыг зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголын логистикийн холбоо, “Хасбанк”, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 120 гаруй логистикийн салбарын бизнес эрхлэгч оролцсон.
Логистик гэдэг нэр томъёог сүүлийн жилүүдэд өргөнөөр хэрэглэдэг болсон ч хангамж, борлуулалтын сүлжээ гэхээсээ илүүтэй тээвэрлэлт гэж ойлгодог. Тус бага хурлаар Монголын логистикийн өнөөгийн байдал, хэтийн төлөв болон юуны өмнө логистикийн үйлчилгээний шинэ боломжийг Монголын аж ахуйн нэгжүүдэд танилцуулсан билээ. Логистик гэж чухам юу болох талаар Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Маш энгийнээр хэлэхэд, харилцан хамааралтай, хамгийн үр ашигтай уялдаа холбоо юм. Үнэндээ бол монголчууд бид логистикч хүмүүс. Түүхийн явцад энэ логистикч байсан үзэл бодлоосоо холдсон. Чингис хаан өөрөө хамгийн сайн логистик менежер байсан. Чингис хаан бүх талын мэдлэггүй ч гэсэн хамгийн мэдлэгтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд тэднийгээ зөв удирдаад л амжилтад хүрсэн. Чингисийн үеийн байлдан дагуулалтыг ажиглаад харахад, торгоны замыг л түлхүү дагасан байдаг. Тиймээс худалдааны логистикийн асар том сүлжээг байгуулж чадсан” гэв.
Логистик өнөөдөр яагаад бидэнд хэрэгтэй болсон бэ гэвэл монголчууд бид ямар нэгэн том төсөл, хөтөлбөр зарлахдаа тэр төсөлд юу, хэзээ шаардлагатай байгааг тооцохгүй хийснээс л олон асуудалтай учирдаг байна.
Логистикийг гурав хувааж болно. Худалдан авалт буюу түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлт, борлуулалтын логистик. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг системээр нь төлөвлөнө гэсэн үг. Тэгэхлээр энэ бол зүгээр нэг хоёр бизнесмэнийн хоорондын яриа бус, системийн хувьд нь харж оновчтойгоор төлөвлөхийг хэлж байна. Амжилтгүй хэрэгжсэн олон төсөл манайд байдаг шүү дээ. Тэр бүгдийн улбааг харахад, ямар ч логистик байхгүй байна. Мэдээлэл, санхүү, материалын урсгалыг зөв зохистой зохицуулаад, тухайн төслийг амжилтад хүргэдэг шинжлэх ухаан аж. Өнөөдөр манай нийгэмд тулгараад байгаа хүнсний аюулгүй байдал, эмийн хангамж, нефть хангамж, хотын утаа, автомашины түгжрэл, нийтийн тээвэр, хил боомт, ашигт малтмалын экспорт, төмөр зам, байгаль орчин гэх мэт асуудлын шийдлийн хариу нь логистик болж байна. Учир нь өндөр хөгжилтэй бусад орон логистикийн дэд бүтцийг хөгжлүүлснээр нийгэмд тулгарсан асуудлуудыг амжилттай шийдэж иржээ. “Монгол Улс өнөөдөр эрчимтэй хөгжлийн гараанаас уухилан хөдлөх гэж буй галт тэрэг мэт зогсож байна” гэж А.Мөнхболд хэлсэн. Уг галт тэрэг нь Герман, Норвегийн эсвэл Науру улсын замаар явах уу гэдэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр логистикийн салбарын хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд санал бодлоо хуваалцсан юм.
“Улаанбаатар Транс” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр “Одоогоор логистик гэдэг зүйл Монгол улсад сайн нэвтэрч хөгжөөгүй байна. Тээвэр зуучлалын болон төрийн байгууллагууд энэ тал дээр ямар арга хэмжээ авч, яаж хурдтай өсөж байгаа цаг үетэйгээ нийцүүлэн логистикийг хөгжүүлэх талаар ярилцаж байна. Герман улсын холбогдох байгууллагууд өндөр ач холбогдол өгөөд манай логистикийн холбооны шугамаар хамтраад ийм бага хурал зохион байгуулж байгаа нь сайшаалтай зүйл. Герман нь дэд бүтэц, логистикийн чиглэлээр өндөр амжилт гаргасан улс. Логистикийг ганц тээвэрлэлттэй холбож болдоггүй юм байна. Харин бүтээгдэхүүн хэрэглэгч, үйлдвэрлэгч, тээвэрлэгч гэх мэтчилэн компаниудын олон талын хамтын үйл ажиллагааны үндсэн дээр хамгийн хямд зардлаар, үр дүнтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдлаар хүрэх ёстой. Тэгж байж бараа бүтээгдэхүүн нь үнэ өртгийн хувьд эцсийн хэрэглэгч дээр их тааламжтай нөхцөл үүсэхийг хэлж байна. Хоёрдугаарт, Монгол орны дэд бүтцийн хөгжил, тэр тусмаа уул уурхайн баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг ямар тээврийн хэрэгслийг сонгож, яаж шуурхай зохион байгуулах талаар ярьж байна. Зарим компани өөрсдийнхөө орчин үеийн технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан байна. Энэ бүхнийг бид сайн судлах ёстой. Эдгээр компаниудаас санал болгож байгаа техник, технологи Монголд ашиглахад тохиромжтой юм бол мэдээж бид авч ашиглах хэрэгтэй. Тэгэж байж өөрсдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргана гэж бодож байна” гэв.
Өвөг дээдсийн амь насаараа тэмцэн хамгаалж, харамлаж ирсэн байгалийн баялгийг эргэлтэд оруулахдаа дэлхийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нийлүүлэлтийн үйл ажиллагааг өөртөө татан, түүний нэг чухал гинжин хэлхээ болох нь алс ирээдүйд хийсэн хамгийн чухал шийдэл байх болно. Логистикийн салбарт тэргүүлэгч германчуудын мэргэжлийн туршлага, туслалцаа, дэмжлэг, хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааны оролцоогоор Монголын логистикийн ирээдүйг тодорхойлоход туслалцаа үзүүлэхээр болжээ.
Штефан Хансельманн, Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд нар хамтран ажиллах санамж гэрээнд гарын үсэг зурлаа.Санамж гэрээгээр германчууд Монголын талтай хамтарч логистикийн сургалт, семинар зохион байгуулах, логистикийн чиглэлээр төсөл хөтөлбөрт хамтран ажиллах, “Логистикийн академи” байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Эх сурвалж: Mongolian Economy