Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


“Global enterpreneurship week-Mongolia” аян нээлтээ хийлээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, 11 дүгээр сарын 14 – Монгол улсад шинээр бизнес санаачлагч болон эрхэлж буй бизнесээ сайжруулах, хөгжүүлэх хүсэлтэй иргэдэд оюуны дэмжлэг үзүүлж, инновациар тэргүүлэгч эдийн засгийг босгох ур чадвар, алсын хараатай шинэ залуу үеийг бизнесийн давалгаанд уриалах гэж зорилгоо тодорхойлосон “Global emterpreneurship week-Mongolia” аян нээлт өнөөдөр боллоо. Нээлтийг хэвлэлийн хурал хийж зарласан юм. Хэвлэлийн хуралд энэ аяныг санаачлагч “Шинэ эхлэх цэг” Төрийн бус байгууллагын төлөөлөл Д.Бат-Октябрь, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, аяны ивээн тэтгэгч “Оюутолгой” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон, Хасбанкны Ахлах мэргэжилтэн С.Батбаяр нар оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Монгол орон инновацийн тогтолцоо байхгүй. Хүнсний хэрэглээнийхээ  70 хувийг гадаадаас импортолж байна. Түүхий эдийнхээ 98 хувийг экспортолж байна. Инноваци, инновацийг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй” хэмээсэн. Тэгвэл Хасбанкны ахлах мэргэжилтэн С.Батбаяр “Манай банк бизнес санааг ажил хэрэг болгоё гэсэн зорилгоор хамтарч ажиллаж байна. Хасбанк эко орчин бий болгож байгаа бизнесийг илүүтэй дэмждэг” гэж ярив.

Энэ аяны хүрээнд бизнес санаа тээн яваа иргэдэд үнэгүй сургалт, зөвлөгөө өгөх, мөн санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай холбож өгөх замаар ирээдүйн бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болох зорилготойгоор арга хэмжүүдийг зохион байгуулах аж. Тухайлбал, “Silicon Valley Монголд” цуврал, “Бизнес сэтгэлгээнд суралцахуй” хүүхэд залуучуудын лекц, Залуу бизнес эрхлэгчдийн чөлөөт уулзалт, “Startup Weekend Mongolia III”, “Car pool pitch” ТВ нэвтрүүлэг, “Code for Mongolia” шилдэг IT шийдлийн уралдаан зэрэг үйл явдлыг зохион байгуулах юм байна.

Олон улсад жил бүрийн 11 сард болдог Global entrepreneurship week нь бизнес эрхлэгчдийг бизнесийн оргилд хүрэх хүсэл тэмүүлэлд хөтөлж, илүү ихийг бүтээж санаачилахад туслалцаа дэмжлэг үзүүлж, уриалдаг олон нийтийн аян аж. Энэ аяныг Kauffman foundation-н гүйцэтгэх захирал Carl Schramm, Англи улсын ерөнхий сайд Gordon Brown нар 2007 онд санаачилжээ. Тэр цагаас хойш дэлхийн 100 гаруй орон аянг зохион байгуулсан байна. Манай орон энэ жил эл аянг анх удаа зохион байгуулж буй аж. Аян долоо хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: Businessnews.mn