Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БАРИЛГЫН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2009 оны 12 дугаар сар 19-ний өдөр, ХасБанк нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Барилгын Эрчим Хүч Хэмнэлт”-ийн төсөлтэй хамтран агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад зориулсан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.

НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрөөс 2009-2012 оны хооронд Монгол Улсад хэрэгжүүлэх “Эрчим хүч, байгаль орчны тогтвортой байдал” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарт эрчим хүчний хэмнэлтийн тогтвортой нөхцөл, техник технологи болон хөтөлбөрийн бодлогыг сайжруулах зорилгоор “Барилгын эрчим хүч хэмнэлтийн төсөл”-ийг 2009 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хэрэгжснээр төслийг хэрэгжүүлэгч хоёр байгууллага болон эрчим хүчний хэмнэлттэй жижиг орон сууцны барилгын материал үйлдвэрлэгчдийн хүчин чармайлтыг хотын тулгамдсан асуудлыг нэгтгэн хандуулах боломжтой болох юм.

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс дахь төрөл бүрийн жижиг байшин барилгын халаалтаас ялгарч буй хүлэмжийн хийн жилийн өсөлтийн хэмжээг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, барилгын дулаалгын материалын чанарыг дээшлүүлэх, тэдгээрийг зөв хэрэглэх, үйлдвэрлэх аргачлалыг бий болгох, эрчим хүчний хэмнэлттэй барилгыг барихад зориулагдсан санхүүгийн аргачлалыг бий болгох зэрэг ажлууд хийгдэх юм.

Өвлийн улиралд үүсдэг агаарын бохирдлын 90 орчим хувь нь энгийн галлагаатай хорооллын дулааны алдагдлаас үүссэн хэт их галлагааны улмаас үүсдэг. Иймээс иргэд нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дулаанаа хадгалж утаа бага гаргадаг зуух болон цэвэр шаталттай түлш хэрэглэх нь нэн тэргүүний шаардлага болоод байна. Энгийн галлагаатай байшин, барилга, хувийн сууц нь өвлийн улиралд халаалтад их хэмжээний мод, нүүрс, түлш шаарддаг бөгөөд хүйтний улиралд өрх гэрийн амьжиргаанд санхүүгийн дарамт үүсгэдэг гол үндэслэл болдог байна.