ХАСБАНК НЬ ДАЯАР ТАЙЛАГНАХ САНААЧЛАГЫН (GLOBAL REPORTING INITIATIVE) ҮНДСЭН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГААР ЭЛСЛЭЭ
ХасБанк нь нийгэмд тустай, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулахаас гадна харилцагчдынхаа үйл ажиллагааг нийгэм, байгаль орчинд ээлтэй байлгахад чиглүүлэн ЭХ ДЭЛХИЙ, ЭРДЭНЭТ ХҮМҮҮН, ЭРҮҮЛ АШГИЙН төлөө ажиллах зорилт тавьсан билээ.
Энэхүү эрхэм зорилгод хүрэхийн тулд ХасБанк Даяар Тайлагнах Санаачлагын /Global Reporting Initiative/ хүрээнд 2007 оноос эхлэн Даяар тайлагнах санаачлагын шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнасаар ирсэн билээ. Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй харилцагчдаа санхүүгийн хувьд дэмжсэнээр өөрийн улс оронд үзүүлэх энэ санаачлагын үр нөлөөг улам ихэсгэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ оны 5 дугаар сараас эхлэн зээл хүсэгчдэд тодорхой шалгуур тавьж, уг шалгуурын үзүүлэлтүүдийг 50 хувиас дээгүүр хангаж буй зээлдэгчиддээ зээлийн хүүний хөнгөлөлт үзүүлж байна
ХасБанк нь Даяар Тайлагнах Санаачлагын үндсэн гишүүний хувьд Даян Дэлхийн зорилго нэгт 55 улс орны 550 гаруй байгууллагуудын эгнээнд элсэж ил тод, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг илүү ихээр оруулахыг зорьж ажиллана.
Даяар Тайлагнах Санаачлага нь 1997 онд Нидерландын Амстердам хотод төвтэй байгуулагдаж, дэлхийн 70 гаруй орны 30 гаруй мянган байгууллагыг үйл ажиллагаандаа нэгтгэсэн сүлжээ байгууллага юм. Уг байгууллагын зорилго нь дэлхийн улс орнууд дахь аливаа байгууллагууд эрхэлж буй үйл ажиллагаагаа нийгэм, байгаль орчинд үзүүлж буй үр нөлөөгөө хэмжих, ил тодоор тайлагнаж байхад туслах, дэмжих явдал юм. Уг байгууллагын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.globalreporting.org хаягаар орж үзнэ үү.