Бизнес эрхлэгчдэд нэг тэрбум төгрөгийн зээл олгоно
2010 оны 4 сарын 14 - Хэнтий аймгийн ХасБанк өчигдөр харилцагчдынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 10 дахь жилдээ зохион байгуулсан байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд тус банкнаас анхны зээлээ авч санхүүгийн хувьд өсч өндийсөн 28 аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд сурталчлахын сацуу хямдралтай үнээр борлуулалт хийжээ. Тус банк толгойгоороо сэтгэж гараараа юм хийж амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа хүмүүсийг дэмжиж ажилладаг гэдгийг банкны гүйцэтгэх захирал М.Болд онцоллоо. Учир нь монгол улсын иргэн бүр өөрсдөө бүх зүйлээ хийж чаддаг үйлдвэрлэгчид болсон цагт улс хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлж байсан юм. Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн болон Улаанбаатар хотын компаниуд өргөн хэрэгцээний цахилгаан барааг лизингээр худалдаалах үйлчилгээг хамт явуулж, ХасБанкны харилцагчийн мэргэжилтнүүд газар дээр нь зээлийн өргөдөл, анкет, бусад материал бүрдүүлэхэд нь үйлчилүүлэгчиддээ тусалж түргэн шуурхай үйлчилснээр энэ өдөр 18 үйлчлүүлэгч нийт 13 сая төгрөгийн цахилгаан бараа худалдан авчээ. Өнгөрсөн оныг Засгийн газраас үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүний хүрээнд Хэнтий аймагт ХасБанкнаас 773 сая төгрөгийн зээлийг ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олгосон нь аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулж байгаа томоохон хувь нэмэр болсон юм. Энэ жил ч мөн Хэнтий аймаг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд нэг тэрбум төгрөгийн зээл олгох юм байна.
Д.Цэцэн
Эх сурвалж
http://economy.news.mn/content/6548.shtml