Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХХК, ХАСБАНК КОМПАНИЙН ЗАСАГЛАЛАА ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭНЭ

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон ХасБанк компанийн засаглалын асуудлаар зөвлөх үйлчилгээ авах гэрээг Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-тай байгууллаа. Энэхүү гэрээгээр ОУСК-ийн өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон ХасБанкны компанийн засаглалын өнөөгийн түвшинг тодорхойлж, түүнийг хэрхэн олон улсын дээд түвшинд хүргэх талаар зөвлөгөө өгөх юм.

Зөвлөх үйлчилгээний ач холбогдлын талаар ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг “Монгол Улсын эдийн засаг ирэх жилүүдэд байгалийн баялгийн үр шимээр нэн хурдацтайгаар хөгжинө. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж чадах эсэх нь хувь хүн, аж ахуйн нэгж бүрийн хүчин чармайлт, төр засгийн үйл ажиллагаанаас шууд хамаарна. Компанийн засаглалийн асуудал нь улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөөний хувьд төрийн засаглалтай нэгэнд адил чухал зүйл юм. ХасБанк өнгөрсөн 12 жилийн хугацаанд дотоод тогтолцоогоо зөв бүрдүүлэхийн тулд нэлээд анхаарч ажиллалаа. Бид өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаараа бахархахын зэрэгцээ илүү ихийг хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. ОУСК-иас зөвлөгөө авахаар гэрээ байгуулж байгаа явдал нь үүний нэг илрэл юм.” гэж онцлон тэмдэглэв.

ОУСК-ийн Компанийн засаглалын хөтөлбөрийн менежер Сергий Трипутень “ОУСК-иас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Компанийн засаглалын хөтөлбөр нь Монголын компани болон банкуудын дотоод засаглалыг сайжруулахад чиглэж байна. Компанийн засаглалаа сайжруулснаар Монголын компаниудын хувьд зээл авах, хөрөнгө оруулалт татах боломж нь нэмэгдэж, улмаар зах зээл дэх хөрөнгийн хэмжээ нэмэгдэх юм. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанк компанийн засаглалаа улам сайжруулах хүсэл сонирхолтой байгааг бид талархан хүлээн авч байгаа. Энэхүү гэрээний гол зорилго нь бид компанийн засаглалаа сайжруулж олон улсын түвшинд хүргэхэд нь ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкинд туслах явдал юм.” гэж тэмдэглэн хэлэв.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь ХасБанк, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК, Хорус Нүүдлийн Шийдэл ХХК гэсэн компаниудын хувьцааг эзэмшигч хөрөнгө оруулалтын толгой компани юм. Тус компани санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын нэгдэл болох зорилгоор бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлэх ажлаа 2009 онд Киргиз Улсын “Мол Булак Финанс” санхүүгийн компанид анхны хөрөнгө оруулалт хийснээр эхлүүлсэн бөгөөд одоо Төв Азийн улсууд, ОХУ болон БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь ИАйТи Капитал Менежмент ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Мерси Корпс, Голландын Триодос Банк Групп, Люксембургийн Вант Улсын БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан болон дотоодын зарим төрийн бус байгууллагууд зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tengerfg.mn-с авна уу.

ХасБанк нь 76 салбар нэгжээрээ дамжуулан Монгол Улс даяар санхүүгийн хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг Монгол Улсын томоохон банкуудын нэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.xacbank.mn-с авна уу.

ОУСК-иас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Компанийн засаглалын хөтөлбөр нь олон улсын стандартуудыг нэвтрүүлэх замаар Монголд компанийн засаглалыг хөгжүүлэх зорилготой юм. Дэлхий даяар хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн хүрээнд компанийн засаглалаа сайжруулсан шилжилтийн эдийн засагтай орнуудын компаниуд нийтдээ 2.7 орчим тэрбум АНУ-ын долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг татаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org-с авна уу.