СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ХасБанк нь харилцагчиддаа харилцах данс болон хугацаагүй хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг заавал банкин дээр биеэр ирэлгүйгээр захиран зарцуулах боломжийг AMAR үйлчилгээгээр олгодог билээ. AMAR үйлчилгээ нь таньд гар утсаа ашиглан данс хооронд шилжүүлэг хийх, бараа, үйлчилгээний төлбөр төлөх, банкны салбарт ирэлгүйгээр данснаасаа зарлага гаргах, орлого хийх, дансны үлдэгдэл шалгах, сүүлийн 3 гүйлгээний мэдээлэл авах зэрэг боломжийг олгодог юм. ХасБанк нь AMAR үйлчилгээг 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдөр албан ёсоор зах зээлд нэвтрүүлэн одоогийн байдлаар Монгол Улсын бүх аймагт буюу 101 сумдад өргөн ашиглагдаж байгаа ба энэ үйлчилгээг 40,000 иргэн ашиглаж байна.
Гэвч сүүлийн үед “Баттай орлогын ундраа сан” /SRG/ төрийн бус байгууллага нь AMAR үйлчилгээний нэрийг ашиглан иргэдийг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж олон шатлалт пирамид тогтолцоо бүхий сүлжээний бизнес эрхлэн иргэдийг хохироож буй үйлдэл гарлаа.
ХасБанкны зүгээс тус байгууллагын удирдлагуудтай уулзан энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан бөгөөд үүний хариуд тус байгууллага нь бүх гишүүддээ мэдэгдэж, цааш нь газар авахуулалгүй энэ үйл ажиллагаагаа зогсооно гэж амласан. Гэхдээ одоог хүртэл иргэд уг сүлжээний бизнесийн талаар утсаар болон банкны салбарт биечлэн ирж асуусаар байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа зогсоогүйг илэрхийлж байна. Иймд харилцагч та бүхнийг санхүүгийн эрсдэлд оруулахаас хамгаалж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- “Баттай орлогын ундраа сан” /SRG/ Төрийн Бус Байгууллага нь өөрсдийгөө ХасБанктай хамтран ажилладаг, АМАR үйлчилгээг ХасБанк бидний үйл ажиллгаанд зориулан гаргасан шинэ үйлчилгээ, энэ гүйлгээг ашиглан таныг тогтмол орлоготой болгоно гэж иргэдэд хэлдэг.
- Иргэдийг АМАR үйлчилгээнд элсэн орж дансандаа 30,000 төгрөг байршуулан 15,000 төгрөгийг өөрийн элсүүлсэн хүнд шилжүүл, харин та өөрөө доороо 5 хүн элсүүлнэ. Таны элсүүлсэн 5 хүн танд тус бүр 15,000 төгрөг шилжүүлнэ энэ байдлаар өөрийн хийсэн мөнгийг хоёр дахин өсгөн авч, цааш нь үргэлжлүүлэхэд та жилийн дотор 46,875,000 төгрөгтэй болон хэмээн итгүүлж байна.
ХасБанк нь сүлжээний бизнес эрхлэх зорилгоор AMAR үйлчилгээг нэвтрүүлээгүй, сүлжээний бизнес эрхлэх зорилгоор ямар нэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна.
АMAR үйлчилгээг иргэд, харилцагчид нь өөрсдийн өдөр тутмын санхүүгийн хэрэглээндээ ашиглах өргөн боломжтой юм.
Харилцагч та төлбөр шилжүүлэх болон төлбөр төлөх хүсэлтээ мессежээр дамжуулан өөрийн гар утасны дугаараас илгээж байгаа нь таны төлбөрийн даалгавар гэж тооцогдоно. Таны өөрийн хүсэлтээр хийсэн аливаа төрлийн гүйлгээний улмаас таньд учирсан хохиролыг ХасБанк хариуцахгүй гэдгийг анхааруулж байна.Иргэд, харилцагч та бүхнийг энэ сүлжээний бизнест элсэхгүй байж өөрт учирч болох эрсдэлээс өөрийгөө хамаалж чадна гэдэг итгэлтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу:
ХасБанкны Амар үйлчилгээний алба болон Маркетингийн хэлтэс
Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: (976) 11-318185, 1888; Факс (976) 11-328701
info@xacbank.mn; www.xacbank.mn