Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСЛИЗИНГ ХХК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ТэнГэр)-ийн Хувь нийлүүлэгчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөл ХасЛизинг ХХК-д нэг тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэлээ.

ХасЛизинг ХХК нь жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээс (лизинг)-ийн үйлчилгээгээр Монгол Улсад тэргүүлэгч бөгөөд энэхүү нэмэлт хөрөнгө оруулалтын үр дүнд тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үндсэн хөрөнгийн хэмжээг энэ жил дөрөв дахин өсгөх боломжтой болж байна. ТэнГэрийн хувьд энэ хөрөнгө оруулалт нь өөрийн охин болон хараат компаниудаар дамжуулан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх замаар улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоо биелүүлж байгаагийн нэг илрэл юм.

ХасЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар эдийн засагч Д.Жаргалсайхан саяхан томилогдсон бөгөөд тэрээр санхүүгийн түрээсийн ач холбогдол, компанийн өмнө байгаа боломжийн талаар “Манай улсын үйлдвэржилтийн үйл явц эхлэлийн шатандаа байна. Аж үйлдвэрийн бараг бүх салбарт тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага их байгаа. Тиймээс 90-ээд оны эхэнд арилжааны банкууд эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсантай адил санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь цаашид үйлдвэржилтийн үйл явцыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн өөрийн бодлыг хуваалцлаа.

ХасЛизинг ХХК нь санхүүгийн түрээсийг хөгжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд цаашид тээвэр, барилга, уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг өргөжүүлэх, түүнчлэн санхүүгийн түншүүд, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэдний ажиллаж буй салбар, зах зээлийн талаар илүү өргөн ойлголт, мэдээлэлтэй болохыг зорьж байна.

ХасЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Жаргалсайхан нь банк санхүү, аялал жуулчлал, газрын тосны компаниуд, төрийн болон олон нийтийн байгууллагууд зэрэг олон салбарт ажиллаж байсан туршлагатай эдийн засагч юм. Тухайлбал, Капитал банкны Гүйцэтгэх захирал, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга, Жуулчин ХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Монголын анхны Ротари клубыг үүсгэн байгуулалцаж, 1995-1996 онд Ерөнхийлөгчөөр нь ажилласан. Мөн 2003-2007 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, 2008-2009 онд Монголын Иргэний Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан. Одоо тэрээр Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө” ТББ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь ХасБанк, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК болон Хорус Нүүдлийн Шийдэл ХХК-ийн хувьцааг эзэмшигч хөрөнгө оруулалтын толгой компани юм. Мөн саяхан Прайм Женерал Даатгал ХХК-ийн хувьцааны 50 хувийг авахаар шийдвэрлээд байна. Тус компани санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын нэгдэл болох зорилгоор бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлэх ажлаа 2009 онд Киргизстан Улсын санхүүгийн компанид анхны хөрөнгө оруулалтаа хийснээр эхлүүлсэн бөгөөд одоо Төв Азийн улсууд, ОХУ болон БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь ИАйТи Капитал Менежмент ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Мерси Корпс, Голландын Триодос Банк Групп, Люксембургийн Вант Улсын БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан болон дотоодын зарим төрийн бус байгууллагууд зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tengerfg.mn-с авна уу.