Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк Олон Улсын Cанхүүгийн Корпорациас хоёрдогч эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа

2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ХасБанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци (“ОУСК”)-тай 8 жилийн хугацаатай 5 сая ам.долларын хоёрдогч зээлийн гэрээнд гэрээнд гарын үсэг зурлаа.

ОУСК-аас энэхүү зээлийг ХасБанкны хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, зээлийн үйл ажиллагааг, тэр дундаа жижиг, дунд бизнесийг дэмжихэд зориулан олгож байгаа юм.

Уг зээлийг авсанаар ХасБанкны нийт өөрийн хөрөнгө нэмэгдэж, арилжааны банкинд тавигддаг өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийг улам бүр чанаржуулж, Банкны өсөлтийг хангах, харилцагчдад үзүүлэх үйлчилгээний хэмжээ, цар хүрээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно.

Энэхүү зээл нь ХасБанкны ОУСК-наас авч байгаа 3 дахь санхүүжилт бөгөөд үүний өмнө 2002, 2007 онуудад нийт 5.4 сая ам долларын эх үүсвэр авч байсан юм.

Гүйцэтгэх Захирал М.Болд энэхүү үйл явдлыг “ОУСК-наас ХасБанкны явуулж буй үйл ажиллагааг дахин судалж үзсэний үндсэн дээр 3 дахь удаагаа илүү урт хугацааны санхүүжилтыг олгож байгаа явдал нь ХасБанкны үйл ажиллагаа тогтвортой, үр нөлөөтэй, амжилттай явагдаж байгаагийн илрэл бөгөөд хоёр байгууллагын хоорондын харилцаа улам эрчимжиж байгааг баталж байна. Энэхүү санхүүжилт нь жижиг, дунд бизнесийг дэмжих, ялангуяа тэдний урт хугацааны санхүүжилтын хэрэгцээг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэж цохон тэмдэглэлээ.

ОУСК-ийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Beйчуан Ху зээлийн гэрээнд гарын үсэг зурах үеэр “ОУСК өнөөдөр ХасБанктай Хоёрдогч зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Бидний Монгол улс дахь стратегийн ач холбогдолтой түншүүдийн нэг нь ХасБанк гэдэгт бид итгэлтэй байдаг билээ. Тийм ч учраас ХасБанкинд 2-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах урт хугацааны зээл олгох замаар тус банкны өсөлт болон жижиг, дунд бизнест олгох зээлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх болсондоо мөн баяртай байна. ОУСК-ын Монгол улсын банк, санхүүгийн салбар дахь анхны хөрөнгө оруулалтуудын нэг нь ХасБанк бөгөөд бичил санхүүгийн өргөн үйлчилгээгээр дамжуулан Монгол Улсын хүн ардын амьдралд дэмжлэг үзүүлэх боломжийг бидэнд олгосон юм. Цаашид ОУСК, ХасБанкны хооронд илүү олон талаар, үүний дотор худалдааны санхүүжилт болон эрчим хүчний хэмнэлттэй төслийн санхүүжилтийн чиглэлээр ажиллах өргөн боломжууд байна гэдэгт бид итгэлтэй байна“ гэж тэмдэглэн хэлэв.

ХасБанк нь өөрийн 80 гаруй салбар, нэгжээр дамжуулан Монгол Улс даяар санхүүгийн хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг Монгол Улсын томоохон банкуудын нэг билээ. ХасБанк нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсад иргэд, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх, урт хугацааны санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэхэд зориулан нийт 830 гаруй сая ам.долларын санхүүжилтыг олон улсын санхүүгийн 30-аад байгууллагаас зээл хэлбэрээр авч, гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татахад томоохон хувь нэмэр оруулж буй байгууллага юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ifc.org, www.xacbank.mn