ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
2010 оны 6 дугаар сарын 30 ны өдөр ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас (“ЕСБХБ”) 8 сая ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг санхүүжилт нь ЕСБХБ-наас авч байгаа 2 дахь санхүүжилт бөгөөд үүний өмнө 2006 онд Монголын банк санхүүгийн байгууллагуудаас анх удаа ХасБанкинд 5 сая ам долларын 4 жилийн хугацаатай эх үүсвэр олгож байсан билээ.
Ийнхүү шинээр гэрээ байгуулж авч байгаа төгрөгийн эх үүсвэр нь 3 жилийн хугацаатай бөгөөд Монголын бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоороо онцлог юм.
ЕСБХБ-наас ХасБанкны үйл ажиллагааг дахин судалж үзсэний үндсэн дээр 2 дахь удаагаа урт хугацааны санхүүжилтийг төгрөгөөр олгож байгаа явдал нь ХасБанкны үйл ажиллагаа тогтвортой үр нөлөөтэй, амжилттай явагдаж байгаагийн илрэл бөгөөд 2 байгууллага хоорондын харилцаа улам эрчимжиж байгааг баталж байна.
ХасБанк нь Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт өөрийн 70 гаран салбар нэгжээрээ үйлчилгээгээ хүргэдэг Монголын тэргүүлэх бичил санхүүгийн байгууллага юм.
ЕСБХБ-ыг 61 орон Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын нэгдэл хамтран 1991 онд байгуулсан бөгөөд Европ, Баруун Балкан, болон төв Азид санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага юм.