Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл"-д хамрагдаж буй компаниудад зээл олгож эхэллээ

УЛААНБААТАР, MOНГОЛ УЛС (2010 оны 9 дүгээр сарын 7) - Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зээлийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашилбал дэлхийн зах зээл дээр борлуулан үндэсний брэндийг бий болгох зориулалтаар ХасБанк олгож эхэллээ.

Өнөөдөр болсон зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ХасБанк нь эхний зээлийн гэрээг Монго Шевро ХК-тай байгуулсан байна. Тус компани нь зээлийг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зориулах юм.

Энэхүү төслийн зээл нь компаниудын нэмүү өртгийн сүлжээ буюу түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэл, маркетинг, дотоод болон гадаад борлуулалт, брэндинг, компанийн менежментийн систем зэргийг цогцоор нь бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн, 3 хүртэл сая ам.долларын, 7 хүртэл жилийн хугацаатай, 3 хүртэл жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл бүхий харьцангуй бага хүүтэйгээрээ онцлог бөгөөд зээлийн 50 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төслөөс гаргана.

Төслийн зээл нь нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь бэхжүүлэн, боловсронгуй болгож компаниудын цаашдын тогтвортой хөгжлийг хангахад зориулагдаад зогсохгүй хөдөөгийн хүн амын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, хөдөөгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.