Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО ХАСБАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Улаанбаатар хот (2010 оны 11 сарын 5) Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо өнөөдөр өөрийн гишүүд, дэмжигч иргэдэд тэдгээрийн боломж, хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд туслах, хамтран ажиллах зорилгоор ХасБанктай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд хуримтлал бий болгох, санхүүгийн анхан шатны мэдлэг олгоход нь туслах улмаар бага болон дунд орлоготой иргэдэд орон сууц худалдан авахад нь банкны хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. Эхний ээлжинд Багануур дүүрэгт баригдаж байгаа орон сууцны барилгуудад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож, бага болон дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

МҮЭ нь монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн үйлдвэрчний эвлэлийн хороодоор дамжуулан 200,000 гишүүд, нийт иргэдийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой ажиллаж байна. ХасБанк нь “Эх дэлхий, эрүүл ашиг, эрдэнэт хүмүүн” хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд өөрийн 84 салбар нэгжүүдээрээ дамжуулан 300,000 гаруй харилцагч иргэдэд санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээг үзүүлж байгаа билээ.

Өнөө үед иргэдийн дунд, нэн ялангуяа залуучуудын дунд санхүүгийн боловсрол дутмаг байдгаас өөрийн орлогоосоо бага багаар хуримтлал үүсгэн улмаар боломжийн үнэтэй орон сууцтай болох боломж хомс байна. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд иргэдэд санхүүгийн боловсрол олгох, МҮЭ-ийн гишүүн иргэдийг зөвлөгөө мэдээллээр хангах, тэдгээрийн боломж, эрэлт хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамтран гаргаж ажиллахаар боллоо.