Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


“ХАС БАНК” эх оронч үйлст нэгдэв

Дэлхийд тэргүүлэх Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржтэй удирдлага, зохион байгуулалтын төвшинд хамтран ажиллаж, тэд манай биржийг энэ арванд Азийн тэргүүлэх бирж болгохоо амласан билээ. Энэхүү гэрээг ажил хэрэг болгоход шаардлагатай 14.2 сая ам.долларын хөрөнгийг “Хас” тэргүүтэй Монголын арилжааны банкууд хамтын санхүүжилтийн шугамаар олгох гэрээг өнгөрсөн баасан гаригт үзэглэв. Монголын хөрөнгийн биржийг олон улсын бусад биржтэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачихад туслах энэхүү зээлийн саналыг Төрийн өмчийн хорооноос тавихад “ХасБанк” тэргүүтэй арилжааны банкууд дуртайяа хүлээж авсанд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Хамтын зээлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж өгсөн арилжааны банкууд болон зээлийн батлан даагчаар оролцож буй Төрийн өмчийн хороонд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай талархаад энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төр засгаас дэвшүүлсэн хөрөнгийн зах зээлийн бодлого, зорилтын дагуу ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

 

Лондоны хөрөнгийн биржтэй хийсэн гэрээний дагуу тэдний талд төлөх 12.7 сая ам.доллар болон мэдээллийн технологийн системийн серверийг шинэчлэхэд зарцуулах 1.5 сая ам.долларын хамтын санхүүжилтийн зээлд “ХасБанк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт банк”, “ХААН банк”, “Төрийн банк”, “Улаанбаатар хотын банк” оролцлоо. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Монголын хөрөнгийн биржийг дэлхийн биржүүдтэй нэг төвшинд аваачихад үнэтэй хувь нэмэр оруулж, эх оронч үйлст нэгдсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. Монголын хөрөнгийн бирж арилжааны банкууддаа нэмэр болох цаг удахгүй ирнэ” хэмээгээд талархлаа илэрхийлэв.

 

Энэхүү зээл нь Монголын арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр хамтран олгож буй дотоодын томоохон хэмжээний анхны санхүүжилтийн зээл бөгөөд “ХасБанк” энэ ажилд тэргүүлэх байр суурьтай оролцож, гүйцэтгэх захирал Д.Бат-Очир гэрээнд гарын үсэг зурлаа.