ОРОСЫН ИРКУТ КЛУБЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГТ ТОГЛОНО
МСБХ-ноос зохион явуулж байгаа сагсан бөмбөгийн Лигийн Аварга Шалгаруулах “Ниссан премьер лиг” тэмцээний тойргийн тоглолтууд өндөрлөж, хагас шигшээ тоглолтонд өрсөлдөх багуудын нэр тодроод байна. Энэ цаг мөчтэй давхцан Лигийн аварга хэмээх алдрыг 3 жил дараалан хүртээд байгаа ХасБанкны “Хүлэгүүд” баг ОХУ-ын сагсан бөмбөгийн Суперлигт өрсөлддөг Иркут клубийн шилдэг тамирчин Андрей Сепелевийг багтаа элсүүллээ.
Андрей Сепелев нь Иркут багийн бүрэлдэхүүнд 2008 онд элсэн орсон бөгөөд тэрээр мэргэжлийн сагсан бөмбөгт хавьгүй олон жил хүчин зүтгэсэн нь түүний тоглож байсан шилдэг багууд болох Таганрог, Автодор, УНИКС (Казань), Шахтер (Иркутск), Динамо (Москва), Динамо (Санкт Петербург), Спартак-Приморье баталж байгаа юм.
Мөн Андрей Сепелев нь 2004/2005 онд Динамо (Санкт Петербург) багийн бүрэлдэхүүнд тоглож байх үедээ Евролиг ФИБА-ийн цомын эзэн болж байсан нь түүний үзүүлсэн хамгийн дээд амжилтуудын нэгээр тооцогдох нь гарцаагүй юм. Тухайн жилд багтаа оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Олон Улсын Сагсан Бөмбөгийн холбооноос түүнд Олон улсын хэмжээний “Спортын мастер” цолыг олгож байсан байна.
Довтлогч, хамгаалагчийн байрлалд тоглодог,
206
см өндөртэй, ОХУ-ын шилдэг тоглогчдын нэг Андрей Сепелев “Хүлэгүүд
”
багийн бүрэлдэхүүнд орсоноор, 2011 оны “
Ниссан премьер лиг”
-ийн хагас шигшээ, шигшээ тоглолтууд улам их өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээсэн болж өнгөрөх нь дамжиггүй юм.
“Хүлэгүүд” баг нь ийнхүү тойргийн тоглолтуудаа амжилттай өндөрлөж, хагас шигшээ, шигшээ тоглолтуудад аварга хэмээх алдрыг 4 дэх жилдээ хүртэхийн төлөө хүчээ зузаатган, бэлтгэлээ базаагаад байна.