Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК КИВА БИЧИЛ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХасБанк бичил санхүүгийн салбарт нэгэн шинэлэг үйлчилгээг үйлчлүүлэгч, харилцагчидадаа хүргэж байгаа нь олон улсын нөхөрсөг, сайхан сэтгэлт иргэдийн санхүүжилтээр хөнгөлөлттэй зээл олгодог Кива Олон улсын байгууллагатай хамтарсан Кива бичил зээлийн төсөл юм. Өнөөдөр тус банкныхан төслийг олон нийтэд танилцуулахаар Улаанбаатар хотын 13-р хороололд байрлах 33-р салбар дээр “Зээлээ ч авъя, хадгаламжтай ч болъё” нэртэй өдөрлөг зохион байгуулсан байна.

Уг өдөрлөгт ХасБанкны Кива зээлийн 70 гаруй харилцагчид оролцож урамшуулалтай хадгаламжийн дэвтрээ гардаж авсан бол, хөнгөлөлттэй зээлд хамрагдах сонирхолтой бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эхлүүлэх хүсэлтэй иргэдэд тус банкны хамт олон сургалт зөвлөгөөг өгсөн байна.  Бизнес эрхлэгч иргэд ХасБанкны Кива төслөөс дээд тал нь 3000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг зээлэх боломжтой бөгөөд ХасБанк нь зээлээ хугацаанд нь эргүүлэн төлсөн харилцагчдадаа төлсөн хүүгийн 9%-тай тэнцэх хэмжээний хадгаламжийг урамшуулал болгон өгдөг нь энэхүү зээлийн онцлог юм.

ХасБанк нь 2009 оноос эхлэн Кива Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Кива зээл авсан бичил бизнес эрхлэгчдийн тоо 4400 гаруй болоод байгаа нь цаашид энэ төрлийн зээлийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж байна.