Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Б.Оюунгэрэл: ХасБанк Орон Сууцны Санхүүжилтийн Цогц Шийдлийг Санал Болгож Байна

Сүүлийн үед залуу гэр бүл болон иргэд орон сууц худалдан авахад арилжааны банкуудын зүгээс ямар үйлчилгээг үзүүлж байгаа талаар тодруулж, ХасБанкны Моргейжийн банкны газрын захирал Б.Оюунгэрэлтэй хийсэн ярицлагыг уншигч та бүхэндээ хүргэе.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. ХасБанкыг орон сууцны урт хугацаат зээлийг анхлан гаргасан Арилжааны банк, мөн иргэдийн амьдралд бодитой дэмжлэг болохуйц санхүүгийн үйлчилгээг хүргэдэг гэдгээр нь уншигчид маань хэдийнэ мэдэх болсон.
Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. ХасБанк Монголын банк санхүүгийн зах зээл дээр орон сууц худалдан авах зээлийн үйлчилгээг гаргагч ууган банкуудын нэг гэж та зөв хэллээ. Бид орон сууц, хашаа байшин худалдан авах, барих урт хугацааны зээлийг харилцагчиддаа зориулж хамгийн уян хатан нөхцлөөр олгоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. Манай банкныхан орон сууцны зээлийн бүтээгдэхүүнээ улам бүр хөгжүүлж иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ үйлчилгээг зах зээлд гарган харилцагчиддаа ээлжит бэлэг бариад байна.

Харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн гаргасан Орон сууцны зээлийн шинэ үйлчилгээний талаарх мэдээллийг манай уншигчидтай хуваалцана уу?
Өнөөгийн байдлаар орон сууц худалдан авч байгаа иргэдийн дийлэнх хэсэг нь Банкны зээлийн үйлчилгээг ашиглан санхүүжилтээ хийж байна. Хангалттай хэмжээний хуримтлалгүйгээсээ болоод хүмүүс байрны урьдчилгаанд хамаг мөнгөө зарцуулаад зээл авчихдаг, харин өөр бусад хэрэгцээ, тухайлбал худалдан авсан байраа тохижуулах, засварлах зэрэгт хөрөнгө дутах тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Энэ бүгдийг шийдэх гэж тухайн хүн маань ахиад аль нэг санхүүгийн байгууллага юмуу, эсвэл хувь хүнээс мөнгө зээлдэг нь нууц биш юм. Энэ бүхэн нь хувь хүний тухайд цаг хугацааны болоод бичиг цаасны нэлээн зардалтай ажил болдог, мөн олон зээл зэрэг төлөх гээд санхүүгийн хувьд хүндэрдэг. ХасБанк энэ бүгдийг нэгэн дор шийдэх Орон сууцны Багц зээлийн үйлчилгээг зах зээлд анхлан гаргалаа. Манай банкны харилцагч болсноор 20 жил хүртэлх хугацаатай Орон сууцны зээлд хамрагдахаас гадна автомашины граж, мөн шинэхэн байраа тохижуулах тавилга, цахилгаан хэрэгсэлээ энэ зээлээрээ хамт авах боломжтой болж байгаа юм. Шаардлагатай бол худалдан авч байгаа Орон сууцаа засварлах санхүүжилтийг ч  хамтад нь шийдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл харилцагч маань нэг зээлийн материал бүрдүүлээд дээрх бүх санхүүгийн хэрэгцээгээ нэг дороос хангах бололцоо бүрдлээ гэсэн үг.

Тэгэхээр харилцагч хэрэглээний зээл дахин хөөцөлдөх шаардлагагүй болж байгаа юм байна. Гэхдээ ингэж багцаар нь зээллээ гээд харилцагчид өөр ямар давуу байдал үүсэх вэ?
ХасБанкны харилцагчид нэг зээлийн үйлчилгээгээр дээрх бүх хэрэгцээгээ хангахаас гадна хүү болон хугацааны хувьд ашигтай тал үүснэ. Жишээ хэлэхэд, Харилцагч автомашины граж худалдан авахаар дахин зээл хүссэн тохиолдолд зээлийн бичиг баримтыг дахин бүрдүүлэхээс гадна хамгийн уртдаа гэхэд 3 - 4 жилийн хугацаатай, харьцангүй өндөр буюу хэрэглээний зээлийн хүүгээр санхүүжилт авна. Харин Орон сууцны багц зээлд хамрагдан байр, гражыг хамтад нь худалдан авснаар урт хугацаанд бага хүүтэй зээл авах боломжтой болж байгаа юм. Худалдан авч буй байрыг засварлах, тохижуулах санхүүжилтийн хувьд ч мөн адил энгийн хэрэглээний зээлийг бодвол харьцангуй урт хугацаатай, бага хүүгээр зээл авч байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл орон сууц, граж, тавилга худалдан авах, засвар хийх санхүүгийн хэрэгцээгээ тус тусад нь зээлээр шийдвэрлэснээс Орон сууцны Багц зээлд хамрагдвал зээлдэгчийн хувьд хүүгийн давуу тал үүснэ, гол нь сар бүр төлөх төлбөрийн хэмжээ харьцангуй бага гарах юм. Олон газраас зээлсэн жижиг мөнгийг богино хугацаанд эргүүлэн төлнө гэдэг нь өрхийн санхүүд нилээн ачаалал болно шүү дээ. Мөн дээр нь хэлэхэд багцаар нь зээл авахад цаг хугацаа, бичиг баримтын зардал хэмнэх боломжтой.
  
Нүдээ олсон сайхан үйлчилгээ болжээ. Мөн танайхыг анх удаа орон сууцтай болж буй иргэдэд зориулсан шинэ зээлийн үйлчилгээ гаргасан гэж сонссон.
Эдийн засаг хурдацтай өсч буй өнөөгийн нийгэмд залуус маань томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож, тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй болж байна. Гэхдээ өнөөх л хуримтлалгүй, суурь мөнгөгүйгээс болоод байртай болох мөрөөдлөө дотроо хадгалсаар байгаа. Тэгвэл манай банкнаас залуу гэр бүлүүдийг дэмжих үүднээс анх удаагаа орон сууцтай болж байгаа иргэдэд зориулан Орон сууцны 100 хувийн санхүүжилтийн зээл олгож эхлээд байна.

Урьдчилгаа төлбөргүй зээл гэж ойлгож болох уу?

Шууд тэгж ойлгоход бас өрөөсгөл болно. Учир нь худалдан авах гэж буй байрны үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээтэй орон сууц, хашаа байшинг давхар барьцаалах шаардлагатай байгаагаараа онцлогтой.
 
Орон сууцны 100 хувийн санхүүжилтийн зээлэнд зөвхөн анх удаа байр авч байгаа иргэд хамрагдах уу? Давхар барьцаалах үл хөдлөх хөрөнгө гэдгийг тайлбарлах уу?
Тиймээ, энэ зээлийн бүтээгдэхүүн маань анх удаа орон сууцтай болж байгаа иргэдэд зориулагдсан. Бидний гол зорилго бол анхныхаа байрыг авч, гал голомтоо бадрааж байгаа залуу гэр бүл, мөн гэр хорооллоос тохилог орон сууцанд шилжин суурьшиж байгаа, тогтмол орлоготой иргэдэд боломж олгох, ингэснээр нийгэмд чиглэсэн Банкны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх учиртай юм. Хотын утааг багасгах, иргэдийг орон сууцжуулах үйлсэд бага ч болов нэмэр болно гэж найдаж байна. Давхар барьцааны тухайд зээл хүсэгчийн ойрын хүмүүс, тухайлбал эцэг, эх, төрсөн ах дүүгийн үл хөдлөх хөрөнгийг зөвхөн барьцаална. Тэрнээс биш найз нөхөд, хамаатан садны байрыг барьцаанд авахгүй.

Хэмжээ болон хугацааны хувьд мэдээлэл өгөх боломжтой юу?
Түрүүн хэлсэнчлэн, нийгмийн чиг баримжаатай үйл ажиллагаа гэдэг утгаараа 1 – 2 өрөө байрны дундаж үнэ буюу Улаанбаатар, Эрдэнэт хотод 70 сая төгрөг, хөдөө орон нутагт 30 сая хүртэл төгрөгийн зээл олгох болно. 100 хувийн санхүүжилттай учраас зээлийн хэмжээнээс хамааран харилцагчийн сард төлөх тогтмол төлбөрийн хэмжээ харьцангуй өндөр гарна. Иймд энэ бүтээгдэхүүн мань зээлжих чадвар өндөртэй, тодорхой орлоготой хэдий ч урьдчилгаа төлбөрөө хараахан бүрдүүлж амжаагүй байгаа иргэдэд голчлон зориулсан зээл юм.

Орон сууцны 100 хувийн санхүүжилтийн зээлийг урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж амжаагүй байгаа санхүүгийн чадвартай, анх удаа орон сууцтай болж буй иргэдэд зориулсан юм байна. Гэтэл энэ тодорхойлтоос гадуур буюу урьдчилгаа төлбөр төлөх ёстой ч мөнгө нь хүрэхгүй байгаа харилцагчиддаа санал болгож буй үйлчилгээ байгаа юу?

Мэдээж байлгүй яахав. Ирээдүйд байр, орон сууц худалдан авахаар төлөвлөж буй харилцагчидаа орон сууцны хадгаламжийн үйлчилгээг санал болгож байгаа. Хүмүүс худалдан авах орон сууц, хашаа байшингийн үнийн тодорхой хэсгийг цуглуулан, цаашлаад орон сууцны зээлд хамрагдах зорилгоор банкинд мөнгө хадгалуулдаг. Хэрэв харилцагч ХасБанкны орон сууцны хадгаламжийг сонгон мөнгө хуримтлуулсан бол гэрээний хугацаанаас хамаарч зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжийг манай банк олгож байгаа.

Манай уншигчдад олон хэрэгтэй мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Та манай уншигчдад хандаж үг хэлнэ үү.
Баярлалаа. ХасБанк бол харилцагчдийн эрэлт хэрэгцээг байнга сонсож тэдний хэрэгцээнд тохирсон санхүүгийн зөв шийдлийг санал болгодог байгууллага. Энэ зорилгынхоо хүрээнд Харилцагч нартаа шинэ үйлчилгээгээр бэлэг барьж байгаадаа манай хамт олон баяртай байна.