Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны 2023 оны III улирлын цэвэр ашиг 27.5%-р өслөө

ХасБанк 2023 оны III улиралд 39.4 тэрбум төгрөгийн (өмнөх улирлаас +27.5%) татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр жилийн өссөн дүнгээр татварын дараах цэвэр ашиг 101.6 тэрбум төгрөгт (өмнөх жилийн мөн үеэс +29.4%) хүрч, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 96.5 төгрөгт хүрлээ. 

Тайлант хугацаанд ХасБанкны цэвэр ашиг Үнэт Цаасны Танилцуулгад тусгасан санхүүгийн төсөөллийг давсан бөгөөд удирдлагын зүгээс ашигт ажиллагаа нэмэгдэхэд дараах хүчин зүйл нөлөөлсөн хэмээн дүгнэж байна. Үүнд:

  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц өмнөх улирлаас 5.6%, оны эхнээс 30.8% (Иргэдийн сегмент 33.9%, Корпорэйт сегмент 10.7%, Хаслизинг 49.8% тус тус) өссөн нь III улирлын цэвэр хүүний орлогыг 24% буюу 14.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
  • Валют арилжаанаас III улиралд 3.5 тэрбум төгрөгийн орлого олсон нь өмнөх улирлаас 2.7 тэрбум төгрөгөөр илүү байсан.
  • Активын чанарын үзүүлэлт тогтвортой сайн хэвээр байгаа бөгөөд нийт зээл болон санхүүгийн түрээсийн багцад эзлэх чанаргүй зээлийн харьцаа 3.2% байгаа нь системийн дундаж үзүүлэлтээс даруй 2 дахин бага үзүүлэлт болно. Ийнхүү активын чанар сайн байгаа нь III улиралд эрсдэлийн сангийн зардлыг хэмнэх боломжийг олгосон.

Тайлант хугацаанд ХасБанк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд: 

  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 19.9% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог. 
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 34.9% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу ХасБанк бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 34.9% болох 1,301.9 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна. 

2023 оны III улиралд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

  • Оюу толгой ХХК-тай “Тэтгэвэр/хуримтлалын сан” үйлчилгээний гэрээ байгуулж, тус компанийн ажилтнууд урт хугацаанд тогтвортой өсөх хуримтлал бий болгоход хамтран ажиллаж эхэллээ.
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2023 оны 9-р сарын 15-ны өдөр боллоо. Хурал 95.55 хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр бүрдэж, ХасБанкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 105,270,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоох тухай болон ХасБанк ХК-ийн дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав. 
  • Ногоон зээлийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур үйлдвэрлэгчид, гэр байшингийн дулаалгын шийдэл болон эко бохирын шийдэл нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон бөгөөд ХасБанкны жилийн 3%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлээр газар дээр авах боломжийг олголоо.
  • ЕСБХБ-аас НҮБ-ын дэргэдэх Уур Амьсгалын Ногоон Сан, Япон Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрт ХасБанк оролцож, 25 сая ам.долларын санхүүжилтийг эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгч нарт уян хатан нөхцөлтэйгөөр олгож байна.
  • Уур амьсгалын ногоон сантай магадлан итгэмжлэлийн мастер гэрээ байгууллаа.

Made with Flourish

ХасБанкны III дугаар улирлын Санхүү, үйл ажиллагааны тайлантай дараах холбоосоор танилцана уу. 

Холбоос 1: https://www.xacbank.mn/page/financial-operational-result

ХасБанкны III дугаар улирлын Санхүүгийн байдлын болон Дэлгэрэнгүй орлогын тайланг дараах холбоосоор үзнэ үү.

Холбоос 2: https://www.xacbank.mn/page/statement-of-financial-position