
Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ “Хас” банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очирыг урьж ярилцсаныг хүргэж байна.
-Та саяхан АНУ-д ямар ажлаар яваад ирсэн бэ?
-Нью-Йорк хотноо хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцоод ирлээ. Уулзалтын хажуугаар Швейцарийн хамтын ажиллагааны байгууллагын урилгаар Берн хотноо банкныхаа үйл ажиллагааг, тэр дундаа хадгаламжийн талаар хийж байгаа шинэ санаачилгуудаа танилцуулаад ирлээ. Манайх охид хөвгүүдэд зориулсан хадгаламжийг шинээр нэвтрүүлсэн юм. Энэ шинэ санаачилгыг дэлгэрүүлье гэсэн саналын дагуу.
-“Хас” банк нь MicroStart төслөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Та энэ банкны ууган ажилтнуудын нэг. Саяхан Монголын дөрвөн том банкны нэгнийх нь гүйцэтгэх захирал болсон. Та хэзээнээс энэ байгууллагад ажиллах болсон бэ?
-Би 1998 оны наймдугаар сараас ажиллаж эхэлсэн. 1997 онд НҮБ-аас дэлхий даяар Mикростарт төслийг эхний ээлжинд 25 улс сонгоод хэрэгжүүлье гэсэн. Түүний нэгээр нь Монгол Улс сонгогдоод 1998 оноос Mикростарт төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд ажилтан авна гэсэн зарын дагуу Сангийн дэд сайд Ганхуяг, Иргэдийн банкны захирал Дэлгэржаргал, хувийн хөрөнгө оруулалт эрхэлдэг Батболд болон бид хэд хамтран төслийг эхлүүлсэн.
-Макро гэдэг нь хэд хүртэлх хэмжээний зээлийг хэлдэг вэ?
-Энэ тухайд дэлхий нийтээр мөрддөг жишиг гэж байхгүй. Тухайн улсын ядуурлын түвшинтэй харьцуулж тохируулаад иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байвал бичил санхүү гэдэг ойлголт юм. Хэрвээ тодорхой хэмжээний мөнгөн дүнд хязгаарлавал өөрөө цаад зорилгодоо хүрэхгүй байх тал байдаг.
-Өнөөдөр банк хэчнээн хэрэглэгчтэй вэ?
-Бид зээлийн үйлчилгээг 400 мянган хүнд хүргэж байна. Харин хадгаламжийн үйлчилгээг 100 мянган хүнд үзүүлж байна.
-Анх үйл ажиллагаа эхлүүлж байхад зээлийн хэмжээ хэд байсан юм?
-Бид анх 40, 50 доллартай тэнцэхүйц мөнгө олгож байлаа.
-Гэхдээ тэр хүмүүсийн амьдралыг өөрчилж байсан. Та тодорхой жишээ ярихгүй юу?
-Бид нар бол асар их өөрчлөлт авчирсан гэж итгэдэг. 1998 онд Монголын банкны хямрал болсон. Тэр үед өгсөн зээлээ яаж эргүүлж буцааж авах вэ гэсэн бодол эргэлдэж байсан. Тэр ч утгаараа банкнаас зээл авна гэдэг нь гайхамшиг гэгдэж байлаа. Яг тэр орон зайд бид ороод “Монголчууд зээлээ төлдөг юм” гэсэн уриатайгаар санхүүгийн үйлчилгээ авч байгаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жишээ дурдахад бид анх Дорноговь аймагт салбараа нээхээр очиход галт тэрэгний буудал дээр гар дээрээсээ бараа зардаг хүмүүс угтаж байлаа. Бид тэр хүмүүст зээлээ өгч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дөрөв, таван жилийн дараа тэр хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж, өөрсдийн гэсэн бизнесийн зах зээлтэй болсон. Энэ байдлыг хараад ажил хийх урам зориг орсон доо.
-“Хас” банкны дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бий гэж сонссон л доо?
-Дэлхийд жирийн нэгэн жижиг бичил санхүүгийн төсөл хэрэгжүүлээд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг банк болсон түүх ховор байдаг. Гэтэл бид жижиг санхүүгийн төслөөс Монголын анхны санхүүгийн байгууллага болж, банкны эрх зүйн орчныг бий болгох түүхийг хамт бичилцсэн. Мөн бид АНУ-ын Мерсикор гэдэг байгууллагын GobiStart-тай нэгдэж Монголын анхны санхүүгийн нэгдлийг бий болгосон. Бид түүнээс хойш арилжааны банкны лиценз авсан. Энэ л байдал биднийг бичил санхүүгийн шилдэг байгууллага болгосноос гадна дэлхийн ил тод байгууллагын чадавхийн үнэлгээгээрээ “А” зэрэглэлд орсон.
-ОХУ болон БНХАУ-аас хүмүүс ирж сургалтад оролцдог гэсэн. Тэр тухай ярихад?
-Тэд бас бидний адил ийм л зүйлийг хийхийг хүсч байгаа. Яагаад гэвэл тэдэнд тулгарч байгаа асуудал манайхтай адил бөгөөд тэндээс жилд 4-5 удаа 10-15 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай банкнаас туршлага судалдаг.
-Та Монголд санхүүгийн сургууль төгсөөд АНУ-д ямар сургуульд суралцахаар явсан бэ?
-Би 1998 онд Монголд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн санхүүчийн ангийг төгсөөд 2006 онд Фулбраитын тэтгэлгээр АНУ-ын Бостон хотод бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан.
-Тэгснээр таны амьдрал болон ажилд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Тухайн улсын засаглал сайн, санхүүгийн орчин бүрдсэн ардчилсан оронд болохгүй юм байдаггүй гэдгийг ойлгосон.
-Та сайн засаглалыг өөрийн банкиндаа яаж нэвтрүүлэн хэрэгжүүлж байна?
-Анх сайн засаглал гэдгийг мэддэггүй байсан. Таван хүнтэй оффис бий болж, хэн юу хийх ёстой юм, ямар шаардлага тавих ёстой юм гэдгийг ойлгох шаардлага бий болсон. Үүнийг бид 2005 оноос бидний явсан зам зохистой байжээ гэдгийг ойлгосон.
-“Хас” банкны хувьцааг ямар хүмүүс эзэмшдэг юм бэ?
-Банк маань “ТэнГэр санхүүгийн нэгдэл” гэсэн группийн мэдэлд байдаг. Харин “ТэнГэр санхүүгийн нэгдэл”-ийн дийлэнх хэсгийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Голландын “Ногоон банк”, Швейцарийн хариуцлагатай бизнес хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг.
-Тодорхой хэсгийг ажилтнууд нь эзэмшдэг үү?
-Бид 2001 оноос тодорхой хэмжээний хувь эзэмших болсон. Мөн Монголын тогтвортой, байр сууриа олсон, хариуцлагатай хэд хэдэн төрийн бус байгууллага болох Нээлттэй нийгмийн хүрээлэн, Улаанбаатар Ротари клуб, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллага хувь эзэмшдэг.
-Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна уу?
-“ТэнГэр санхүүгийн нэгдэл”-ийн хэмжээнд 2009 онд Киргиз улсын бичил санхүүгийн байгууллагын хувьцааны тодорхой хэсгийг худалдаж аваад 15 сарын дотор хоёр дахин үйл ажиллагааг өсгөсөн. БНХАУ-д жижиг дунд бизнесийн зээл, бичил санхүүгийн хосолсон байгууллага байгуулахаар Олон улсын санхүүгийн корпораци, Хятадын түнштэй хэлэлцээрийн шатандаа яваа. Хийсэн тохиолдолд бид албан ёсоор мэдэгдэх болно.
-Яагаад Монголд зээлийн хүү ийм өндөр байгаа юм бэ?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд хуримтлал бий болгож чадаагүй. Мөн эдийн засгийн тогтвортой хөгжих орчин бүрэлдсээр байна. Эдийн засагт санхүүжилтийн гол эх үүсвэр нь иргэд байдаг бөгөөд тодорхой хэмжээний хэсэг ирдэг. Гэтэл манайд хуримтлалын хэмжээ бага, хугацаа богино, хуримтлалын соёл суугаагүй учраас бид урт хугацаатай хөрөнгө оруулалтыг гаднаас авдаг. Мөн хүү өндөр байгаагийн шалтгаан нь нийлүүлэлт маш бага, эрэлт их байгаатай холбоотой.
-
-“Бид эх орондоо хайртай!” гэсэн үг танай байшин дээр байдаг. Энэ үгийг хэн гаргаж ирсэн бэ?
-Энэ манай эрхэм зорилгыг тодорхойлсон үг л дээ. Эрдэнэт хүмүүн, эх дэлхий, эрхэм ашиг гэсэн гурван зорилгын төлөө үйл ажиллагаа, шийдвэр, хөрөнгө оруулалтаа тэнцвэртэй гаргана аа гэсэн утгатай.
-Таны хувьд эх орон юунаас эхлэх вэ?
-Хариуцлага, зөв гэдэг үгнээс л эхлэх байх. Шийдвэрээ хувийн эрх ашгийн төлөө бус, ирээдүйнхээ төлөө хариуцлагатайгаар гаргадаг иргэний үйл ажиллагаанаас эхлэх байх. Хүмүүс энэ дэлхийг яаж хүлээж авсан, ядаж тэр чигээр нь, эсвэл бага зэрэг сайжруулаад дараагийн үедээ хүлээлгэж өгвөл сайн. Үүний төлөө ажил үйлсээ чиглүүлдэг байх нь зорилго бөгөөд нэг талаар кайф юм даа.
-Тэгэхээр ганц хүн биш, хамт олон, олуулаа тодорхой салбарт тодорхой үүрэг гүйцэтгэхдээ ийм бодлого баримталбал зүгээр юм, тийм ээ?
-Тийм ээ. Ганц хүн гал болохгүй гэдэг үнэн. Бид ганц ганцаараа юу хийж чадах билээ. Мод тарилаа гэхэд ганцаархнаа хэдийг тарих вэ. Бид сая хамт олноороо мод тарилаа л даа. Тэгэхэд олуулаа болохоор хоёр, гуравхан цагийн дотор хэчнээн их талбайд хэдэн мод тарив. Одоо бидэнд түүнийгээ хариуцлагатайгаар арчилж ургуулах шаардлага тулгарч байгаа юм. Уг нь энэ олон аж ахуйн нэгжийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж нэг захаас нь ногооруулах бодлогоор мод тариулбал Монгол тун удахгүй ногоон болох байх. Тэгэхэд одоо яаж байна. Байгууллага бүр дуртай газраа тариад байхаар хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, өнөөх элсэнд асгасан ус шиг алга болчихоод байх шиг.
-Та өнөөдөр сургуулиа төгсч байгаа залуучуудад, хэрвээ та одоо тэдний насан дээр байсансан бол юу гэж зөвлөх вэ?
-Залуучууддаа хандахад уу. Их сургуулийн дөрвөн жил бол номын хуудас эрүүлэх, найзуудтайгаа нөхөрлөх зуур өнгөрчихдөг шиг байгаа юм. Гэтэл залуус өөрсдийгөө нэлээд гайгүй болчихлоо, хариуцлага хүлээх чадвартай болчихлоо гэж ойлгоод их юм шаардаад байдаг. Үнэн хэрэг дээрээ тэр хүний үнэлэмж ажил дээр гарсан хойно нь тэр байгууллагын ажлыг хамгийн багаас нь эхлүүлээд болж өгвөл бүх албан тушаал дээр болохоос нь болохгүйг хүртэл хийгээд энэ байгууллага чинь юуны төлөө явж байгаа юм, энд нь би ямар байр суурьтай байна вэ, ирээдүйд ямар байр суурьтай болмоор байгаа юм гэдгээ бодоод, тэнд ажиллаж байгаа хүмүүсээс юу сурч авмаар байна, бүгдийг нь сурахын төлөө эхний тав, зургаан жилийг юм шаардалгүйгээр өнгөрөөх ёстой юм шиг байгаа юм.
-Тэгэхийн тулд залуу хүн ямар зан чанартай байх ёстой вэ?
-Тууштай, шантардаггүй байх ёстой. Бас чөлөөт цагаа золиослоход бэлэн байх ёстой.
-Юунд?
-Ажлынхаа төлөө, юм сурахын төлөө.
-Энэ юу гэсэн үг вэ?
-Тав дахь өдөр ажил тарлаа, баасан ахын төрсөн өдөр гэж одоогийн хүүхдүүдийн ярьдгийг хэрэгжүүлэхээр яаран гарах биш, илүү цагаар суу, юм судал, үз хар гэсэн үг. Дутуу хийсэн юмаа маргааш өглөө гэхэд бэлэн байхаар гүйцээгээд тавь. Бусад мэргэжлийн чиглэлийн бусад сайн туршлагыг судал. Түүнийг байгууллага дээрээ хэрэглэж болох нь уу, үгүй юү янз янзаар оролдоод үз. Алдаа хийхгүй хүн юм сурахгүй, алдаа хийхгүй хүн онооны баяр баясгаланг мэдрэхгүй шүү дээ.
-Та мэргэжлийн хувьд хамгийн том алдааг юун дээр гаргасан бэ?
-Бурхны авралаар байгууллага, хамт олныхоо өмнө нүүр улайхаар алдаа хийгээгүй ээ. Гэхдээ би чинь санхүү бүртгэл, дотоод хяналт, хэсэгхэн хугацаанд мэдээллийн технологи, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын гэсэн чиглэлээр ажиллаж байлаа. Бараг л бүх хэсэгт удирдах ажил хийсэн л дээ. Тэгэхэд ой тоонд буусан юм одоогоор санагдахгүй байна.
-Сайн байна, алдаа битгий гаргаасай. Та банкныхаа бүх хэсэгт ажиллажээ. Мэдээллийн технологи банкны салбарт ямар үүрэгтэй вэ, үүний ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Мэдээллийн технологи бол банкны гол судас юм уу даа. Банк бол мэдээллээр мөнгө хийдэг байгууллага. Санхүүгийн зуучлал гэдэг бол хадгаламж эзэмшигчдийн мөнгийг аваад нөгөө талдаа байгаа эрэлтийн мэдээлэлд тулгуурлаж ажилладаг, хүний мөнгийг мэдээлэл боловсруулсны үндсэн дээр зуучилж өгдөг газар. Тэгэхийн тулд энд ямар боломж байна, нөгөө талд ямар эрсдэл байна гэдгийг тооцдог. Сайн боловсруулсан мэдээлэл байх юм бол энэ бүхнийг хараад өрсөлдөгчөөсөө түрүүлж хөдөлнө гэсэн үг.