Type search keyword

ХасБанк Гүмэнжавын Цэвэгжавыг Ерөнхий захирал /Иргэдийн банк/-аар томиллоо

Байгууллагын засаглалаар тэргүүлэгч, нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй Монголын 4 том банкны нэг ХасБанк нь иргэдийн банкны үйл ажиллагаа, хөрөнгийн болон санхүүгийн удирдлагаар мэргэшсэн Гүмэнжавын Цэвэгжавыг өнөөдрөөс эхлэн ХасБанкны Ерөнхий захирал (Иргэдийн банк)-аар томиллоо. 

Тэрээр ажлын гараагаа АНУ-ын Дэнвэр хотод байрлах Wagner Equipment компанид олон улсын нягтлан бодогч, хөрөнгө зохицуулалтын шинжээчээр эхэлсэн бөгөөд АНУ-ын Сан Франциско хотод байрлах Bluefin Associates (PlumSlice), Restoration Hardware (NYSE: RH) компаниудад хөрөнгө зохицуулалтын менежерээр ажиллаж байсан туршлагатай. Г.Цэвэгжав нь 2011 оноос Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн удирдлагын багт нэгдэн ажиллаж эхэлсэн бөгөөд Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал, ХасБанкны Санхүү эрхэлсэн захирлын алба хашиж байгаад 2015 оноос ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв. 

Г.Цэвэгжав нь ХасЛизинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2013 оны 5 дугаар сараас, Тэнгэр Даатгал ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2014 оны 7 дугаар сараас хойш ажиллаж байна. 

Хөрөнгө зохицуулалт, эрсдлийн удирдлага, санхүүгийн менежмент, бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай тэрээр АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн олон улсын бизнес болон мэдээллийн системийн удирдлагын бакалавр, Рэгисийн Их Сургуулийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн магистрын зэрэгтэй.

ХасБанк нь 2001 онд Монголын анхны ББСБ-ууд болох Хөгжлийн Алтан Сан, Говийн эхлэл ББСБ-уудын нэгдлийн дүнд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын банк санхүүгийн салбарт, тэр дундаа бичил санхүүгийн секторт хүч түрэн орж ирсэн бөгөөд өдгөө Монгол Улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалахын зэрэгцээ үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээний стандарт, загваруудыг нэвтрүүлэн, жижиг дунд бизнес, байгууллагын банкны салбарт үйл ажиллагаагаа өргөтгөн тэдний санхүүгийн хэрэгцээг хангах замаар нэмүү өртгийг бий болгон, баялаг бүтээдэг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан амжилттай ажиллаж байна.