Г.Цэвэгжав: Цахим шилжилт амжилттай явж байна
ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавын Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан Mongolian Economy сэтгүүлийн тусгай дугаарт өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголын банк, санхүүгийн салбарын давуу болон сул талуудыг та юу гэж тодорхойлох вэ?
Юуны өмнө Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны удирдлагууд болон хамт олонд ойн баярын мэнд хүргэе.
Өнөөдөр бий болсон санхүүгийн салбарын гурван давуу талыг онцолж хэлэхийг хүсэж байна. Нэгт, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чадавх бэхжиж, нийт банкны үйлчилгээ авдаг иргэдийн тоо болон санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа эерэг чиг хандлага анзаарагдаж байгаа.
Эдийн засаг өсөж өнөөгийн түвшинд хүрсэн нь банк, санхүүгийн байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг тасралтгүй хүргэж, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх цаг хүрээ өсөж ирсний үр дүн юм.
Хоёрт, засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоо сүүлийн жилүүдэд улам сайжирч ирсэн. Өнгөрсөн 28 жилийн 16 жилд нь Монгол Улс эдийн засгийн хүндрэл, хямралтай байжээ. Энэ хугацаанд 25 банкинд татан буулгах, нэгдэж нийлүүлэх, шилжүүлэх зэрэг албадлагын арга хэмжээ хэрэгжсэн билээ.
Макро эдийн засгийн ийм таагүй орчинд банк, санхүүгийн бизнес тасралтгүй үргэлжлэх хөрс суурийг бий болгож, үйл ажиллагаанд учрах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх буюу эрсдэлийг бууруулахад олон улсын жишигт нийцсэн сайн засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоотой болох нь зайлшгүй шаардлага байсан.
Монголын банк, санхүүгийн байгууллагууд дотроо харилцан адилгүй ч ерөнхийд нь авч үзвэл 10 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад засаглал болон эрсдэлийн удирдлага талаасаа сайжирч, бизнесийн орчны өөрчлөлтийг урьдчилан мэдрэх, түүнд тохируулан бизнесээ оновчтой төлөвлөх, шаардлагатай өөрчлөлт тохиргоог тухай бүр хийх, үүссэн нөхцөл байдалд дасан зохицох, эдийн засгийн уналт, хямралын үед ч банкны үйл ажиллагааг доголдуулахгүй үргэлжлүүлэх чадавх, дархлаатай болсон байна.
Гуравт, олон улсын түвшин, жишигт нийцэхийн тулд Монголын банк, санхүүгийн байгууллагуудын үйлчилгээ нь олон улсын түвшнээс хоцрохгүйн тулд нэлээд хөрөнгө оруулалтууд хийсэн, үргэлжлүүлээд хийж байна. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж буй технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартууд нь олон улсын жишигт нийцсэн хөрөнгө оруулалтууд юм. Миний дурдсан дээрх давуу талууд байгаа боловч санхүүгийн салбарын сул тал, сайжруулах олон зүйлс байгаа.
Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн мөчлөг хэт богино, харьцангуй өндөр инфляци, савалгаатай төгрөг долларын ханш, хэт уул уурхайн салбарын хамааралтай байдгаас банк, санхүүгийн салбарын төдийгүй нийт хувийн хэвшлийн бизнес төлөвлөгөө дунд, урт хугацаанд төлөвлөсний дагуу хэрэгжихгүй байх, улмаар байнгын өөрчлөлт, тохиргоонд орох зэрэг хүндрэлүүд гарч байдаг.
Эдгээр макро эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалан эх үүсвэрийн өртөг өндөр байсаар байна. “Өндөр өртөг, зардалтай санхүүгийн эх үүсвэрээс маш богино хугацааны мөчлөгтэй бизнес эрхлэх” одоогийн энэ модел урт хугацаанд ажиллахгүй гэж би боддог. Тиймээс санхүүгийн зуулчлалын өртгийг бууруулах, бизнесийн мөчлөгийг аль болох уртасгах чиглэлд ажиллах шаардлагатай юм.
Нөгөөтэйгүүр Монголд санхүүгийн зуучлал явуулах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн тоо хэт олон, тэдгээр нь засаглал, урт хугацааны чадавхи, тогтвортой байдал талаасаа эрс тэс ялгаатай. Цөөхөн хүн амтай, хуримтлал маш бага, жижигхэн зах зээлд багахан хэмжээний санхүүгийн эх үүсвэрээр санхүүгийн зуучлал үзүүлэх өртөг өндөр, зээлийн хүү өндөр, үр ашиг муутай байдгийн нэг шалтгаан энэ.
Эдгээр олон санхүүгийн зах зээлийн оролцогч нарыг хянах, зохицуулах тогтолцоо нь нэгэн жигд биш, ижил тэгш стандарт хандахгүй байгаа нь хэрэглэгчдийн эрх ашиг хохирох, зах зээлд гажуудал үүсэх, өрсөлдөөний шударга бус орчин бий болгох, санхүүгийн зуучлал хумигдах гэх мэт асуудал байнга гардаг.
Монголын арилжааны банкуудын өрсөлдөх чадварыг та хэрхэн дүгнэх вэ?
Монголын эдийн засгийн өгөгдөл дотор, дотоодын зах зээлдээ банкууд өөр хоорондоо өрсөлдсөөр ирсэн. Энэ өрсөлдөөн цаашид ч өрнөнө. Энэхүү өрсөлдөөн нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголын банкны салбарт хөрөнгө оруулахад бас өнөөгийн банкны тогтолцооны хөгжлийн хүрсэн түвшинд үр дүнгээ өгч эергээр нөлөөлсөн. Харин Монголын эдийн засгийн орчинд гадаадын банкны салбар, эсхүл түүний охин компанитай өрсөлдөх чадвар гэвэл тэс өөр асуудал яригдана.
Банкны салбар 33.6 их наяд төгрөгийн активтай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 104 орчим хувьтай тэнцэж байна. Энэ нь одоогийн ханшаар 12.7 тэрбум ам.доллар болох буюу Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа БНХАУ-ын төрийн өмчит хоёр банк (ICBC, BOC)-ны ганцхан жилийн цэвэр ашгаас 5.7 дахин бага байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр Монголын эдийн засаг хэтэрхий жижигхэн байна.
Гадаадын банк гэхлээр ихэнх хүмүүсийн мэддэг улс орон дамнасан Глобал банкууд болох HSBC, Bank of America, Chase, BNP Paribas, Mitsubishi UFJ санаанд нь ордог болов уу. Эдгээр том банк Монголд орж ирж арилжааны банкны үйл ажиллагаа явуулах үндэс суурь нь бүрдээгүй байна.
Гадаадын банкийг шингээх орон зай ийм жижиг зах зээлд байхгүй. Жижиг эдийн засагт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ дотоодын банкууд хангалттай үзүүлж байгаа. Нөгөө талаас Монголын томоохон компаниуд гадаадаас зээл, санхүүжилт шууд авдаг, тэр боломж нь хуулиар нээлттэй байгаа. Харин Монголд гадаадын банк орж ирэх сонирхол хэрвээ байдаг гэж үзвэл тэр нь Монголын жижиг зах зээлээс ашиг хүртэх гэхээсээ илүү өөр, том ашиг сонирхолтой, урт хугацааны улс төрийн зорилготой байх нь гарцаагүй юм.
Дэлхийн уур амьсгалын сангаас ХасБанк санхүүжилт авсан. Энэ хүрээнд “Ногоон зээл”-ийг хэрэгжүүлж байгаа. Банк бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төрөлжүүлж байгаа нэг хэлбэр гэж харж байна. Тэгвэл энэ зээлийн гол шалгуур болон хүртээмж ямар байгаа вэ?
ХасБанк Монголын банк, санхүүгийн салбарт эрчим хүчний хэмнэлтийн хэмжилт болон хүлэмжийн хийн ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тодорхойлох чиглэлээр анх 2009 онд Эко банкны хэлтэсээ байгуулсан бөгөөд 2013 оноос эхлэн Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Түүнчлэн 2016 онд Уур амьсгалын ногоон сангийн (УАНС) Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болсноор хөгжиж байгаа орнуудаас уг сангаар магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн хэвшлийн байгууллага болсон юм.
Ингэснээр бидний 2013 оноос хойш хэрэгжүүлж буй Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр илүү өргөн хүрээнд буюу бичил, ЖДБ эрхлэгчдэд хэрэгжүүлэх боломжтой болсон. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ХасБанк нийт 40 сая ам.доллар буюу 100 тэрбум илүү төгрөгийн ногоон зээл олгоод байсан бол УАНС-ын санхүүжилт орж ирснээр 98 төсөлд нийт 25.1 сая долларын буюу 66 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт 647,390.44 тонн нүүрсхүчлийн хийг бууруулж, жил бүр 47,627,921.31 кВТ/цаг эрчим хүчийг хэмнэж байна.
Мөн ХасБанк УАНС-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон төсөл гэвэл энэ оны дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орсон Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дахь 10 мега ваттын нарны цахилгаан станц юм. Нийт 17.6 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү нарны цахилгаан станц нь цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд жил бүр 15,395 МВт цахилгаан нийлүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг 12,270 тн-оор бууруулаад зогсохгүй, хамгийн чухал нь жил бүр 171 сая литр усыг хэмнэх юм.
Ер нь шаардлага хангасан төслүүдэд ХасБанкаар дамжуулан Техникийн туслалцаа авах боломжтойгоос гадна томоохон төслүүд дээр ХасБанк болон Уур амьсгалын ногоон сан хооронд “Case by Case” буюу төсөл тус бүрээр санхүүжилтийн нөхцөлийг тохирох бөгөөд нөхцөл нь Монгол Улсын зээлжих чадварын үнэлгээ, төслийн эрсдэлийн үнэлгээ, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө зэргээс хамаарч тогтоогдоно.
Дижитал хувьсгал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед цахим банкны хэтийг та хэрхэн харж байна вэ?
Олон улсын тэргүүлэх 221 банк санхүүгийн байгууллагаас судалгаа* авахад 85 хувь нь цахим шилжилтийг заавал хийх ёстой /digital transformation/, 2018 оны хамгийн чухал бизнесийн зорилт байх болно хэмээн хариулсан байдаг. Технологийн хөгжил, үүн дотор хэрэглээний технологиуд асар хурдацтай шинэчлэгдэж, харилцагчдын зан төлөвт өөрчлөлт орж байгаа нь цахим шилжилтийг хийх суурь шалтгаан.
Монголд банкууд хувь хувьдаа цахим шилжилтыг эхлүүлээд амжилттай явж байгаа. Олон улсын чиг хандлагаас гадна Монгол Улсад ухаалаг утаснаас дата хэрэглэгчдийн тоо хоёр дахин, суурин интернэт хэрэглэгч өрхийн тоо 61 хувиар сүүлийн таван жилийн дотор нэмэгдсэн нь банкнууд цахим шилжилтийг эрчимжүүлэх шалтгаануудын нэг болсон болов уу.
Цахим шилжилт, эсхүл цахимжсан банк гэх ойлголтын цаана төлбөр тооцоо, харилцагчийн хүртээмж, үйлчилгээний хурд болон бизнесийн процесс гэсэн дөрвөн үндсэн ухагдахууныг ярьж болно. Монгол Улс банкны төлбөр, тооцооны системийн цахимжсан байдлаараа дэлхийн жишгээр хөгжингүй хэсэгт хамаарна. Жишээ нь, ХасБанкны нийт төлбөр тооцооны 90 гаруй хувь нь АТМ, ПОС, Карт, Интернэт болон мобайл банк зэрэг цахим сувгаар дамжин хийгдэж байна.
Энэхүү шилжилтийн хүрээнд Монголын арилжааны банкууд цахим сувгуудад оруулах хөрөнгө оруулалтаа жил ирэх тусам өсгөж байгаа нь аль хэдийн үр дүнгээ өгч харилцагчид цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч банкны үйлчилгээг авах боломж, хүртээмж нь нэмэгдсээр байна. Дэлхий нийтээр технологийн болон финтек компаниуд санхүүгийн зах зээлийн уламжлалт тогтолцоог сорин хүч түрэн гарч ирж байгаа үзэгдэл нь банкууд бизнесийн загвараа эргэн харахад хүргэж буй. Эрүүл, шинэ өрсөлдөөн хэзээд ч хэрэгтэй байдаг. Өрсөлдөөний үр дүнд хамтдаа салбараараа өсөн дэвжих боломж бий болдог. Олон улсын туршлагаас харахад томоохон банкууд финтек компаниудыг өрсөлдөгч гэхээсээ илүү бизнесийн түнш гэж харч, хамтран ажиллаж эхлээд байгаа. Монголд ч гэсэн энэ чиг хандлага ажиглагдаж байна. Жишээ нь ХасБанк мөнгөн гуйвуулгын технологи, платформын үйлчилгээ үзүүлдэг Thunes компанитай хамтран таван секундын дотор дурын гадаад орноос Монгол руу мөнгөн гуйвуулга хямд үнээр хийх боломжийг тун удахгүй нэвтрүүлнэ.
Үүнээс гадна төрийн мэдээллийн солилцооны нэгдсэн “ХУР” систем, автомат скоринг систем, зайнаас данс нээх, зээлийн үйлчилгээ авах зэрэг технологийн шинэчлэлтүүдийг хийснээр харилцагчид түргэн шуурхай, чирэгдэлгүй банкны үйлчилгээ авах боломж жилээс жилд бий болсоор байгаа.
Монголын банкууд бизнес процессийн хувьд их өгөгдөл /big data/, дата аналитик, хиймэл оюун ухаан, процессийн автоматжуулалт, блокчэйн зэрэг технологийг ашиглаж эхлээд байгаа нь үйл ажиллагааны үр ашиггүй зардлыг бууруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах суурь болж байна.
Цахим шилжилтийн үр дүнд банкууд хүссэн хүсээгүй технологиос түлхүү хамааралтай үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Гэхдээ энэ нь банкны салбар, тооцооны төвүүдийн хэрэгцээ шаардлага байхгүй болно гэсэн үг биш, харин ч харилцагч өөрөө санхүүгийн үйлчилгээг хэрхэн авахаа сонгох боломж л нэмэгдэж байгаа юм. Бодит буюу нүүр нүүрээ харсан харилцаа хэзээд хэрэгцээтэй хэвээр байх болно. Энэ бүх том шинэчлэл өөрчлөлтийн үр дүнд харилцагч хамгийн том ялагч байх болно гэдэгт би итгэлтэй байна.
Эх сурвалж: Mongolian Economy сэтгүүл