
ХАСБАНК АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3%-ИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд ХасБанк бизнес эрхлэгч иргэн, ААН-үүдэд Ажлын байрыг дэмжих жилийн 3%-ийн хүүтэй зээлийг олгож байна.
Уг зээлийн хөтөлбөр зарлагдсан даруйд ХасБанк харилцагчдаас зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авах боломжийг бүрдүүлж, шуурхай ажилласны үр дүнд 8000 орчим зээлийн хүсэлт ирсэн бөгөөд хүсэлтүүдийг ирсэн дарааллын дагуу судлан шийдвэрлэсээр байгаа билээ.
Ковидын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсан ААН, иргэдэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд нь зориулж олгож буй уг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд банкны системийн хэмжээнд нийт 42 мянга гаруй ажлын байрыг хадгалж үлдээд байна.
ХасБанкны хувьд ч цар тахлын хүнд үед харилцагчидтайгаа хамт байж, ажлын байраа хадгалж үлдэхэд нь дэмжин ажиллаж байсан бол хөл хорио тавигдаж, эдийн засаг эрчимжиж буй энэ үед бизнесээ сэргээхэд нь анхааран тусалж байгаа бөгөөд уг хөтөлбөр бизнес эрхлэгчдэд маш их дэмжлэг болж байгаа талаар зарим харилцагчдынхаа сэтгэгдлээс хуваалъя.
Галт суман мөндөр ХХК-ийн захирал Б.Мөнхбаяр:
Манай компани “Оргил”, “Жанчивлан” рашаан үйлдвэрлэл, “Цэвэр жимс” чавганы цай, үзэмний шүүсний үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн 2007 оноос эхлэн Монгол Улсад Кука Курортная, Алостар брэндийн сахаргүй жүүс зэрэг бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй импортолон оруулж ирж Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүдэд болон орон нутгийн харилцагч нарт нийлүүлж байна.
Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал манай оронд гарч, бидний амьдралын хэв маяг, эдийн засагт томоохон хохирол учирсан. Энэ цар тахлын үед бид Монгол гэсэн нэг л нутаг оронтой, нэг эдийн засаг, нэг гэр бүл гэдгээ бүрэн ойлгосон.
Олон ААН, байгууллагууд дампуурч, үйл ажиллагаагаа бүрэн зогсоох, ажилтан албан хаагчдаа цомхотгох зэрэг маш амаргүй хүнд үед Монгол Улсын Засгийн Газраас цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр боловсруулж, ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2 их наяд төгрөгийн зээлийг, жилийн 3%-ийн хүүтэй олгож эхэлсэн нь нүдээ олсон хэрэг байсан.
Энэхүү зээлийн хөтөлбөрт манай компани ХасБанкаар дамжуулан хамрагдсан бөгөөд ажилтнууддаа цомхотгол хийлгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад маш их дэмжлэг болж байна. Цаашид эдийн засгаа сэргээх эрчимтэй бодлого явуулбал ААН-үүд ажилгүйдэл гэдэг том гамшгаас өөрийн боломж бололцоог бүрэн дайчлан гарч, эх орноо хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон, нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх боломжтой болно.
Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Хувиараа автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч Л.Нарангэрэл:
Би Автоплаза худалдааны төвд Toyota Land Cruiser 200 машины сэлбэгийн худалдаа эрхлээд 5 жил болж байна. Анх ХасБанкнаас зээл авч энэ бизнесээ эхлүүлж байсан. Одоогоор 2 салбартай, өөрөөсөө гадна 3 хүнийг ажлыг байраар хангадаг.
Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио миний бизнест маш хүнд туссан. Лангуугаа ажиллуулж чадахгүйгээс гадна, хилийн асуудлаас болоод бараагаа татаж чадахгүйд хүрсэн бөгөөд байгаа сэлбэгээ онлайнаар худалдаад дууссан.
Харин одоо ХасБанкаар дамжуулан 3%-ийн хүүтэй зээлд хамрагдаад, бараагаа ч татаад, лангуугаа ч нээгээд сууж байна. Урьд нь ХасБанкнаас хэд хэдэн удаа зээл аваад төлсөн найдвартай харилцагч байсан тулд 3%-ийн зээлийг надад явдал чирэгдэлгүйгээр маш хурдан хугацаанд гаргаж өгсөнд их баяртай байгаа. Над шиг олон мянган бизнес эрхлэгч хэдэн жилийнхээ хөдөлмөрийн үр дүнд босгосон бизнесээ эргэн сэргээх гэж хичээж яваа байх. Тэдэнд энэ хөнгөлөлттэй зээл маш их дэмжлэг болж байгаа гэдэгт итгэлтэй байна.