ХасБанкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
ХасБанк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурал 95.88 хувийн нээлтийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, хувьцаа эзэмшигчид нийт 11 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тухайлбал, ХасБанкны 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 26.6 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэлээ. Ногдол ашгийг 2024 оны 4-р сарын 30-ны өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлэх бөгөөд ингэснээр ХасБанк 2023 оны цэвэр ашгаасаа 2 удаа ногдол ашиг тараан, нийт 42.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байгаа юм.
Түүнчлэн тус хурлаар Тэнгэр Санхүүгийн нэгдлийг ХасБанканд нэгтгэх хэлбэрээр ХасБанкийг өөрчлөн байгуулахаар шийдвэрлэж, үүний үр дүнд ХасБанк Банкны тухай хуулийн 36.1 дэх заалтыг бүрэн хангах боломж бүрдэж байна.
Мөн хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурал хүртэл хугацаанд бүрэн эрх хэрэгжүүлэх ТУЗ-ийн гишүүдийг сонгож, тэдний цалин урамшууллыг шинэчлэн тогтоох, ТУЗ-ийн 2024 оны төсвийг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.