Type search keyword

Монголын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хувийн хэвшлийн зээлийн хэлэлцээрт АХБ болон ХасБанк гарын үсэг зурав

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2019 оны 12 дугаар сарын 16) — Монгол Улсын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл (БЖДҮ) эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй эзэнтэй болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд чиглэсэн ХасБанк ХХК-ны санхүүжилтийг дэмжих зорилгоор санхүүжүүлэгч талууд хамтран хэрэгжүүлж буй багц санхүүжилтийн хүрээнд АХБ болон ХасБанк ХХК өнөөдөр 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү зээл нь АХБ-аас авч буй ХасБанкны хоёрдахь хувийн хэвшлийн зээл болж байна.

Монгол Улсын нийт ажлын байрны тэн хагасыг бий болгож, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 90 хувийг бүрдүүлдэг БЖДҮ эрхлэгчдийн хувьд арилжааны зээл авах боломж туйлын хомс. Тэр дундаа арилжааны банкнаас тавих шаардлагыг хангах барьцаа хөрөнгө хомс эмэгтэй бизнес эрхлэгчид бүр ч их хүндрэлтэй тулгардаг. Санхүүжилтийн хүртээмжгүй байдал нь БЖДҮ эрхлэгчдийн хувьд бизнестээ хөрөнгө оруулах, цаашид өсөж дэвшихэд хамгийн ихээр саад болдог асуудал бөгөөд тэдэнд олгосон нийт зээл улсын хэмжээнд арилжааны нөхцлөөр олгоод буй нийт зээлийн үлдэгдлийн хорьхон хувийг эзэлж байна. АХБ-наас олгох зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг ХасБанк эмэгтэй эзэнтэй БЖДҮ эрхлэгчдэд олгох бол эдийн засгийн хөгжил харьцангуй хоцрогдмол бөгөөд ядуурлын түвшин нийслэлээс 7 орчим хувиар өндөр байдаг хөдөө орон нутгийн БЖДҮ-д санхүүжилтийн тодорхой хэсгийг мөн зориулах юм.

“Бичил, жижиг, дунд бизнесийн салбар нь ажлын байр бий болгож буй гол салбар төдийгүй эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайгаас хараат бус болгохыг зорьж буй Монгол Улсын хувьд маш чухал салбар юм” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “АХБ-аас ХасБанкинд урт хугацаат, тогтвортой санхүүгийн дэмжлэг олгосноор санхүүгийн эрсдэлийг бууруулан, БЖДҮ эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхэд илүүтэй анхаарахад дэмжлэг болох бөгөөд цаашлаад шинэ ажлын байр бий болгох боломж бололцоог бүрдүүлэх юм” хэмээн тэмдэглэв.

“Өөрсдийн нөөц бололцоо, давуу тал дээр түшиглэн дотоодын бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах, цаашлаад Монгол Улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг энэхүү санхүүжилт бидэнд олгож байна. Мөн манай банкнаас эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийг дэмжиж ирсэн нь АХБ-ны 2030 он хүртэлх стратегит тусгагдсан жендерийн тэгш байдлыг хангах эрхэм зорилготой нийцэж байгаа юм.” хэмээн ХасБанкны Гүйцэтгэх Захирал Г. Цэвэгжав тэмдэглэв.

ХасБанк нь Монгол Улсын томоохон арилжааны банкуудын нэг бөгөөд эмэгтэй эзэдтэй болон эмэгтэй удирдлагатай бизнесүүдийг, мөн байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд чиглэсэн хэмнэлттэй, жишиг болсон санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн зэрэг шийдлүүдээрээ бичил, жижиг, дунд бизнесийн хүрээний санхүүгийн зах зээлд тэргүүлэгч юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.