ХасБанкны ажилтнууд он дуустал өдөрт 7 цагаар ажиллана
Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангаж, илүү чөлөөтэй, урам зоригтой ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор ХасБанк өдрийн ажлын цагийг 1 цагаар богиносгон 7 цаг болгож 9-р сарын туршид туршилтаар хэрэгжүүллээ.
Уг зохицуулалтын үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байж, ажлын бүтээмжид эергээр нөлөөлж буйг харгалзан ХасБанк ажлын 7 цагийн горимыг 2024 он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бяцхан тооцоо хийж үзвэл, өдрийн ажлын цаг 1-ээр богиноссоноор ажилтнууд маань сард 22, жилд 264 цаг буюу ажлын 8 цагаар бодвол нийт 33 өдрийг гэр бүлдээ болон өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрох, спортоор хичээллэх зэргээр сонирхдог зүйлдээ нэмж зориулах боломжтой болж байна. Мөн богино цагаар ажилласан ч бүтэн цалингаа авч буй нь Банкнаас ажилтнууддаа төдийгүй тэдний гэр бүлд барьж буй бэлэг юм.
Түүнчлэн ХасБанк эрүүл мэндийн бүрэн үзлэг, даатгал, тэтгэвэрийн нэрийн дансны хуримтлал, хувьцаа эзэмшүүлэх, ажлын цагийн уян хатан зохицуулалт, хөнгөлөлттэй зээл, урамшуулалт цалин, төрсөн өдрийн болон Гүйцэтгэх захирлын нэрэмжит цалинтай чөлөө гэх мэт ажилтнуудад чиглэсэн олон төрлийн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ажилтнуудаа халамжилсаар ирсэн бөгөөд Хасчууд маань ч байгууллагын соёл, ажлаараа бахархаж, үр бүтээлтэй, урам зоригтой ажиллаж байна.