Type search keyword

Л.Гантөмөр: Бизнесээ цэцэглүүлэх боломж бол банкны зээл

 Гэр групп-ын Ерөнхий захирал Л.Гантөмөртэй ярилцлаа. Тэрбээр олон жил үйлдвэрлэл эрхэлж дотоодод, ялангуяа барилгын материал үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи, инноваци нэвтрүүлэн амжилттай яваа бизнесмэн юм.

Танай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог юу вэ?

Анх “Цонх констракшн” ХХК-ийг 2004 онд байгуулсан. Энэ хугацаанд олон шинэ дэвшлийг Монголд нэвтрүүллээ. Нэгдүгээрт, өнгөт цонх үйлдвэрлэх төсөл бичиж гаднаас хуулга наагч машин оруулж ирсэн. Ингэснээр өөрийн болон бусад цонх үйлдвэрлэгчдэд өнгөт материал ашиглах боломжийг нээсэн. Мөн цонхны дулаан хадгалалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж ОХУ-аас тусгай дулаан хадгалах чадвартай шил оруулж ирж барилга, иргэдийн захиалгад нэвтрүүлсэн. Цонхны гол дулаан алдалт шиллэгээндээ байдаг. Энэ төсөл маань үр өгөөжөө өгч, хэрэглэгчид сайн мэддэг болсон.

Цонхны салбарт нэвтрүүлсэн нэг чухал зүйл бол суулгалтыг стандарттай болгосон. Монгол Улсад стандарт батлагдаагүй байхад манайх анх ОХУ-ын стандартыг оруулж ирснээр цонхны чанарт нэлээд ахиц гарсан. Тэгээд 2011 онд манай компани стандартыг нь санаачилж батлуулж байсан юм. Мөн Монголд анх удаа цонхны дотор амлагааг зориулалтын хуванцар материалаар хийдэг болж өрхийн түвшинд болон барилгын салбарт нэвтрүүлсэн. Давхар дулаалгатай хийдэг учир хананаасаа цонхондоо жиндэлт өгдөггүй давуу талтай.  Өнгө үзэмж сайтай, барилгын дотор заслын ажлыг хөнгөвчилж өгдөг. 

Манайх анх 2004 онд анх “Бейер­пластик” хуванцарын үйлдвэрийг ОХУ-ын хөрөнгө оруулагчтай байгуулсан юм. Энэ үйлдвэрийнхээ өргөтгөлийг 2014 онд Налайх дүүрэгт байгуулсан. Өнөөдрийн байдлаар байраа барьж, үйлдвэрлэлийн долоон шугам тавьж өнгөрсөн онд ашиглалтад орууллаа. 

Хуванцарын үйлдвэрээс ямар бүтээгдэхүүн гаргадаг вэ?

Анх төслөө бичихдээ хэд, хэдэн төрлийн үйлдвэрлэл явуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд цонхны бэлдэц хийж байна. Ирэх жилээс 75-250 мм хүртэлх диаметртэй сантехникийн хоолой үйлдвэрлэж эхэлнэ. Барилгын бүтээн байгуулалтад нэлээд хэрэгтэй зүйл. Мөн удахгүй WPC (wood plastic composite) буюу мод хуванцарын холимог материал үйлдвэрлэх болно. Энэ материал нь нордоггүй, хөлддөггүй, хэлбэрээ алддаггүй учир манай нөхцөлд тэсвэртэй. Тухайлбал, Чингисийн талбайд байрлуулсан сандлууд ийм материалаар хийгдсэн. Цаашлаад гэрийн шал хийхэд бороо, цасанд яах ч үгүй гэх мэт хэрэглээ нь өргөн. Үндсэндээ ийм гурван бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөгөө гаргачихаад байгаа. 

Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар Монголын цонх хаалганы бэлдэцийн 40 орчим хувийг  нийлүүлэх боломжтой. Үндсэндээ жилд 4-5 сая ам.долларыг гадагшлахаас сэргийлж байгаа юм. Орон нутагт баригдсанаараа мөн 20 орчим орон нутгийн иргэнийг ажлын байртай болгож байна. Хамгийн гол ач холбогдол нь цонх, хаалганы үйлдвэрийн бэлдэцийн багагүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг боллоо. 

Цонхны материалын тухайд мөн хоёр талдаа хуулгатай бор өнгийн бэлдэцийг Монголд хийж эхлээд байна. Яг үүнийг Германд үйлдвэрлэдэг юм билээ. Хүмүүс цагаан биш бор материалыг илүүд үзэх болж. Тийм учраас эрэлт хэрэгцээ нь мөн өсч байгаа.  Манайх Дархан, Эрдэнэт болон хөдөө орон нутагт найман салбартай. 

Шинэ үйлдвэр байгуулахдаа санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

Бид ХасБанкаар дамжуулж Чингис бондын санхүүжилтийн төсөлд шалгарч 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Нийт хөрөнгө оруулалт 4.4 тэрбум төгрөг орчим. Анхнаасаа үйлдвэрээ цогц байдлаар төлөвлөсөн. 3000 ам.метр талбайд үйлдвэрлэлийн байр болон 1000 орчим ам.метр талбайд сав баглаа боодлын цехтэй, 500 орчим ам.метр талбайд ажилчдын цайны газар, амралтын өрөө бүхий үйлдвэрийн цогц барилга барихаар төлөвлөсөн. Сав баглаа боодлын цехийнхээ үндсэн карказыг босгочихоод байна. Энэ намартаа дуусгах бодолтой байгаа. Сав баглаа боодлын цехээ ашиглалтад оруулаад бид крантай машинаар шууд цонх үйлдвэрлэгчдэд хүргэх үйлчилгээ нэвтрүүлнэ. Тэгснээр нэгдүгээрт хурдан шуурхай болно, хоёрдугаарт бөөний худалдаанд тохиромжтой. 

Зах зээлийн байдал, бүтээгдэхүүн борлуулалт  хэр байна вэ?

Цонхны хувьд Монгол Улсын хэмжээнд 360 орчим үйлдвэр байдаг. Үүнээс 300 орчим нь Улаанбаатарт байдаг гэсэн судалгаа бий. Хэдийгээр өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж байгаа ч нийлүүлэлт хэрэгцээнээсээ давчихсан. Зарим нь тоног, төхөөрөмжөө зарж байгаа сурагтай. Хоёрдугаарт, хямралтай холбогдуулаад хүмүүс чанартай цонх авч хэрэглэхээ больсон. Яагаад гэвэл мөнгөтэй хүн үгүй болсон, бараа солилцоогоор л тохиролцож байна. Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд Хятадын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Түүнийг дагаад урд хөршөөс хямд, чанаргүй цонх их орж ирж байна. Хятадад барааны илүүдэл ихтэй болчихсон, дараа төлбөрт нөхцөлтэйгээр зардаг болоод байна. Энэ бүхэн нийт цонх, хаалга үйлдвэрлэгчдэд хүндээр тусч байна. 

Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийг дэмжсэн хууль, тогтоолууд батлагдсан. Үндэсний үйлдвэрүүдэд давуу тал бий болгох эрх зүйн боломж бүрдсэн. Тухайлбал, 2015 онд Засгийн газрын 337-р тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн бараа, ажил үйлчилгээ худалдан авалтад дотоодод үйлдвэрлэсэн чанар, стандартын шаардлага хангасан бараа, ажил үйлчилгээ давуу эрх эдлэхийг баталгаажуулсан. Барааны үнийг 10 хувь, ажлын үнийг 7.5 хувиар бууруулж тооцохоор болсон. Энэ нь нэлээд итгэл төрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжид манай үйлдвэр цонх нийлүүлэхэд давуу эрх эдэлнэ гэсэн үг. Үүнээс гадна Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа том бүтээн байгуулалтын ажлууд бий. Тухайлбал, Буянт-Ухаа-2 хорооллын хоёрдугаар ээлжинд 12 давхар 60 барилга баригдана. Түүний цонх, цонхны түүхий эдийн хэрэгцээ маш их. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 7000 айлын орон сууцны ажил эхэлчихээд байгаа. Үүнээс өнгөрсөн хугацаанд 3000 гаруй нь л ашиглалтад орсон. Тэгэхээр үүнийг гарц гэж харж бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг хайж байгаа. 

Банктай тогтоосон харилцаа тань таны бизнесийн тогтвортой  байдалд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бололтой. Бизнес, шинэ үйлдвэрлэл эхлүүлж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Нэг банктай тогтвортой харилцах нь маш чухал. Бидний хувьд 2007 оноос хойш ХасБанктай харилцаж байна. Энэ банкыг сонгох болсон анхны шалтгаан нь гэвэл тэр жил нэг төсөл хэрэгжүүлэхээр банкуудын зээлийн нөхцлийг судалж байсан юм. Харин ХасБанк манай төслийн талаар сонсоод санхүүжүүлэх санал тавьсан. Тэр санал нь бусад банкны зээлийн хүүнээс нэг хувь бага байсан. Энэ зөрүү нь нэлээд хэмнэлт хийх боломж өгсөн учраас шууд сонгосон. Гэхдээ бусад банкуудад ч мөн өөр өөрийн давуу тал бий. Ингээд олон жил харилцаад ирэхээр бидний хооронд итгэлцэл бий болж ирсэн. Нэг банктай удаан харилцахаар найдвартай харилцагч гэдгээрээ бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй зээл авах боломжтой болдог. Өнөөдөр би харилцдаг банкаа солиход надад тийм хөнгөлөлт үзүүлэхгүй нь ойлгомжтой. 

Үүнээс гадна ямар нэгэн бизнесийн зээл авах гэж байгаа бол төслөө сайн боловсруулж, судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Хэрэгжих боломжийг нь өөрийнхөө мэдрэмж, дадлага туршлагаараа сайтар нягтлах ёстой. Монголчууд өртэй хүн өөдлөхгүй, өттэй мал таргалахгүй гэж ярьдаг. Гэхдээ зөв зүйл дээр зээл авахын буруу байхгүй. Миний хувьд бизнесээ цэцэглүүлэх том боломж бол банкны зээл гэж хэлмээр байна. 

Гэр групп-ын талаар танилцуулахгүй юу?

Үндсэндээ хөрөнгө оруулалтын компани гэж ойлгож болно. Шинэ үйлдвэрээ барих хөрөнгө босгох үүднээс “Гэр групп” гэж толгой компанийг байгуулсан. Үйл ажиллагааны чиглэл нь худалдаа. Цонхны нугас, түгжээ зэрэг бүрдлийг ОХУ, Туркээс оруулж ирж цонхны бэлдэцээ дагалдуулж өгдөг. Үүнд хэрэглэгчид маань ам сайтай байдаг. Манай нөхцөлд цонх сайн резинтэй байх ёстой. Түүнчлэн металл цонх, хаалга үйлдвэрлэгчдэд бид ОХУ-ын хөнгөн цагаан бэлдцийг санал болгож, нийлүүлж байгаа. Мөн Герман, Туркийн хамтарсан “Кобан” цонх хаалганы үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагч нь болсон. 

Монголд Үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй зүйл юу байна. Түүнийг даван туулах төлөвлөгөө бий юу?

Миний хувьд зурагтаар мэдээ үзэх дуртай. Ялангуяа төрийн бодлогын чиг хандлага, ямар шийдвэр тогтоол гарав, ямар гэрээ хэлэлцээр хийв гэж чих тавьж суудаг юм. Дээрээс нь олон төрийн болон төрийн бус байгууллагатай холбоотой ажиллаж, ойр ойрхон уулзаж санал бодлоо солилцдог. Ингэснээр бизнесийн чиг хандлага ямар байгаа, зах зээлийн боломж юу байна, төрийн бодлого хаашаа чиглэж байгаа гэх мэт мэдээлэлтэй болж юуг ямар чанар стандартаар үйлдвэрлэж болох талаар баримжаатай болж ирдэг. Тухайлбал өнөөдөр экспортын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлбэл маш их бололцоо харагдаж байна.   

Ер нь мэдээлэл, судалгаагүй байдлаас замбараагүй үйлдвэрлэл бий болж байгааг зарим хүмүүс хэлдэг. Жишээлбэл, сэндвичин хавтангийн 30 гаруй үйлдвэр байна. Түүнээс өнөөдөр 3-4 нь л ажилладаг. Зөв зүйлд хөрөнгө оруулахгүй бол хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Ойрын жилүүдэд хүн амыг орон сууцжуулах хөтөлбөр эрчимтэй явах чиг хандлагатай байна. Намуудын мөрийн хөтөлбөрийг харсан ч бүгд л бүтээнэ, босгоно гэжээ. Бүтээн байгуулах юм бол дотооддын үйлдвэрлэлийг дэмжих нь ойлгомжтой. Миний хувьд 2-3 жилээс эдийн засаг эргээд сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Монголчууд гэр хороолол, модон жорлонтойгоо удаан явахгүй байх. 

Ц.Сайхан

Эх сурвалж: Mongolian Economy Magazine