Type search keyword

ХасБанк Олимпийн тамирчдаа дэмжиж байна

Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдынхаа бэлтгэл сургуулилт, олимпийн эрх  олгох тэмцээн уралдаан, цаашилбал “Рио - 2016” зуны XXXI олимп, паралимпийн наадамд оролцоход нь сэтгэл санаа, санхүүгийн хувьд дэмжин тэтгэх энэхүү аяныг ХасБанкны спортод элэгтэй хамт олон буухиалан үргэлжлүүлж, дараагийн байгууллагад хүлээлгэн өгөх ёслолыг өнөөдөр Сүхбаатарын талбайд хийлээ.

Энэхүү ёслолд ХасБанкны удирдлага, ажиллагчдын төлөөллөөс гадна хүндэт зочид, алдар цуутай тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцсон бөгөөд ХасБанк спортыг дэмжихэд оруулсан хувьд нэмэр, хийсэн ажлуудаасаа танилцуулсан юм.

ХасБанк нь байгуулагдсан цагаасаа биеийн тамир, спортыг дэмжиж, тэр дундаа багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, хүүхэд залууст зөв үлгэр дууриал үзүүлсээр ирсэн. Тухайлбал, 2007 оноос заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлан зохион байгуулж, жил бүр ЕБ-ийн 10 сургуулийн 300 орчим тамирчдыг ивээн тэтгэдэг уламжлалтай. Мөн 2009 оноос эхлэн Хасын Хүлэгүүд сагсан бөмбөг, хөлбөмбөг, хоккейн багуудыг үүсгэн үндэсний лигийн тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Өдгөө “Дуулиан-2020” тэмцээнээс төрөн гарсан тамирчид Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн багагүй хувийг бүрдүүлж, Хасын хүлэгүүд сагсан бөмбөг, хоккейн багийн тамирчид ч  тус тусын шигшээ багт тоглож байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд ч эдгээр багийн тамирчид, хүүхдүүд оролцож, өөрсдийн амжилтаа хуваалцан, үзүүлэх тоглолт хийсэн юм.

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом ХасБанкинд айлчилсан эдгээр өдрүүдэд бид “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох сургалт, сагсан бөмбөгийн лигийн тэмцээн, Дуулиан 2020 хөлбөмбөгийн тоглолтын дундуур ХасБанкныхаа нэрэмжит тэмцээн зохион байгуулах, Олимпийн тухайн сонирхолтой тоо баримт, мэдээлэл өгөх, ажиллагчдын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн, цасны баяр зэрэг олон арга хэмжээ зохион явуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү Капитал банкинд цомыг албан ёсоор хүлээлгэн өглөө.

ХасБанкны хамт олон бид Монгол улсын тамирчид “Рио - 2016” зуны XXXI олимп, паралимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цууриатуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд нийт харилцагчдынхаа өмнөөс амжилт хүсье!

 

ХасБанк

Амьдралд – Ашид хамтдаа.