Type search keyword

ХАСБАНК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЛАА

Азийн Хөгжлийн Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд зээл олгох зорилгоор ХасБанкинд 5 жилийн хугацаатай  30 сая ам.долларын санхүүжилт олголоо.
 
Жижиг, дунд бизнесийн зээл олголтоороо улсдаа тэргүүлдэг ХасБанк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар тэдний санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа билээ. Энэхүү санхүүжилт нь хэдийгээр ам.доллараар хийгдэж байгаа боловч ХасБанкнаас бизнес эрхлэгч, харилцагчдаа ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор төгрөгт хөрвүүлж, зээл олгох юм.
 
ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд уг санхүүжилтийн талаар хэлэхдээ: “Азийн Хөгжлийн Банкнаас олгож буй санхүүжилтийн тусламжтайгаар бид жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зах зээлд өрсөлдөхүйц бага хүүтэй зээлээр дэмжих бодлогоо улам өргөжүүлэх боломжтой болж байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед энэхүү санхүүжилт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх боломжийг олгохын зэрэгцээ цаашилбал, ажлын байр бий болгох, худалдан авалтыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зэргээр эдийн засгийн хөгжилд олон талын ач холбогдолтой юм” гэсэн бол ХасБанкны Ерөнхий Захирал Г.Амартүвшин: “Жижиг, дунд бизнесийн салбарын харилцагчиддаа урт хугацааны санхүүжилт санал болгох нэмэлт эх үүсвэртэй боллоо” хэмээн тодотгосон юм. Мөн “Жижиг, дунд бизнесийн салбарыг хөгжүүлэх нь уул уурхайн салбар давамгайлсан Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, дан ганц уул уурхайн салбарын хамаарлыг бууруулахад тустай юм. Түүнээс гадна санхүүгийн түрээсийн зах зээлд хөрөнгө оруулалт хийснээр бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.” хэмээн Азийн Хөгжлийн Банкны Санхүүгийн Байгууллагуудыг хариуцсан газрын захирал Кристин Энгстром уг санхүүжилтийг олгох үеэр онцолж байлаа.
 
Бичил болон жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянга гаруй харилцагчдаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.