Type search keyword

ХасБанк Ганибалын Амартүвшинг Ерөнхий захирлаар томиллоо

Компанийн засаглалаар тэргүүлэгч ХасБанк Ганибалын Амартүвшинг Ерөнхий захирлын албан тушаалд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томиллоо.
 
Тэрбээр ажлын гараагаа ABN AMRO банкнаас эхэлсэн ба Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байв. Тус банкны бүтцийн зээлийн хэлтэст ажиллаж байхдаа газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбаруудыг хариуцан ажиллаж байжээ.  Мөн Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдэлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж байгаап эх орондоо ирж 2011 оноос эхлэн Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Ерөнхий захирлаар 3 жилийн хугацаанд амжилттай ажилласан.
 
Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн охин компани болох Тэнгэр Капитал ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон БНХАУ дахь ТианРонг Бичил Санхүүгийн Компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
 
Г.Амартүвшин нь Бельги Улсын Брюссель дэх Европын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд АНУ-ын Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.
 
ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд хэлэхдээ “Г.Амартүвшин ХасБанкны удирдлагын багт ажиллах болсонд баяртай байна. Түүний олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгуулагуудад 15 гаруй жилийн хугацаанд ажиллаж хуримтлуулсан арвин их туршлага нь ХасБанкны харилцагчдад илүү үнэ цэнэ болгосон олон талын санхүүгийн үйлчилгээг хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж онцлон тэмдэглэв.
 
ХасБанк нь 2001 онд байгууллагдсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө системийн хэмжээний 4 том банкны нэг болоод байна.
Компаний засаглал, Нийгмийн хариуцлагыг хэрэгжлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянган харилцагчиддаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.