
ХАСБАНК АВСТРИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ХасБанк Австрийн Хөгжлийн Банк (OeEB)-наас 15 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт авах зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь Австрийн Хөгжлийн Банкнаас Монгол улсад хийж буй анхны хөрөнгө оруулалт бөгөөд уг санхүүжилт нь ХасБанкны урт хугацааны өсөлтийг хангах тогтвортой эх үүсвэрүүдийг нэгээр нэмэгдүүлж байгаа юм.
Монгол улсын хувийн секторын хөгжил бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдээс шууд хамааралтай байгаа нь эдгээр бизнес эрхлэгчид манай улсын эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлын гол тулгуур, хөдөлгөх хүч болж байгааг харуулж байна. Австрийн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын гишүүн Andrea Hagmann “Уг зээл нь бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд учирдаг санхүүжилтын бэрхшээлийг бууруулахад эергээр нөлөөлнө. Ингэснээр бизнес эрхлэгчид Монголын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах боломжтой болох юм” гэж цохон тэмдэглэв.
Австрийн Хөгжлийн Банк
Австрийн Хөгжлийн Банк нь Австрийн Экспортын Зээлийн Агентлагийн салбар байгууллага бөгөөд 2008 оны 4 сарын 1-нээс эхлэн Европын Хөгжлийн Санхүүгийн Институт (EDFI)-ын гишүүн болсон. Австрийн Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжиж буй улс орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор эдгээр улс орнуудын хувийн секторийг дэмжин ажиллаж байна.
ХасБанк
ХасБанк нь Монгол улсын томоохон банк санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд банкны болон хөрөнгө оруулалтын мөн бусад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бичил ба жижиг дунд бизнес эрхлэгчдэд, томоохон байгууллагуудад хүргэжбайна. ХасБанк орон даяар байрлах 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төв, болон 400 гаруй АМАR мобайл банкны агентаар дамжуулан өөрийн 600 мянга гаруй харилцагчдадаа үйлчилж байна. ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэм зорилгоо болгон ажиллахын зэрэгцээ хувь нийлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн ажиллаж байна.