
ХасБанк Монголд хөрөнгө оруулагчдын Хонконгийн чуулга уулзалтыг ивээн тэтгэж, оролцлоо
Английн Веакон компани уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд хөрөнгө оруулагчдын Хонконгийн чуулга уулзалт 2013” энэ сарын 19-20 өдрүүдэд Хонконгийн тусгай захиргааны бүст 4 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө зуучлал, барилга, хөдөө аж ахуй зэрэг Монголын эдийн засгийн бүхий л салбарын хөгжил, сүүлийн үеийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар хэлэлцэж, хөрөнгө оруулагчид өөрсдийн байр суурь, дүнэлтийг хэлэлцүүлдэг тус чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлаас хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлаад удаагүй чухал цаг үед болж байгаагаар нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой арга хэмжээ хэмээн онцолж байсан юм.
Гадаад дотоодын хөрөнгө оруулагч, зуучлагч, монголын бизнесийн болон албаны төлөөллийг хамарсан 18 орны 500 гаруй төлөөлөгч оролцсон, ач холбогдол, цар хүрээгээрээ ч томоохон энэхүү чуулга уулзалтыг Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанк анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь хойш дэмжиж, хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ жил платинум ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн Ерөнхий Захирал Г.Амартүвшин, ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир нар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсон юм.