Type search keyword

ХасБанк нь Олон Улсын Санхүүгийн Корпорацитай ам.долларыг төгрөгт хөрвүүлэх хэлцэл байгууллаа

Улаанбаатар, 2013 оны 11 дүгээр сарын 1

Хасбанк Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-тай 50 сая ам.долларын своп хэлцэл хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээрээ ХасБанк ам.долларын эх үүсвэрээ ханшийн эрсдэлгүйгээр төгрөгийн эх үүсвэр болгож өөрийн харилцагч нартаа төгрөгийн санхүүжилт олгох боломжийг нээж байгаа юм.

ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир энэхүү үйл явдлын талаар “ОУСК-тай хийсэн энэхүү хэлэлцээр нь ХасБанкыг Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй зэрэгцэн явах боломжийг олгож байна. ОУСК-иас нээн өгч буй энэхүү своп хэлцэл нь бидний хувьд эрсдэлийг илүү оновчтой удирдахад ихээхэн тус дэм болох учраас ХасБанк өөрийн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үзүүлдэг үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм” гэж гарын үсэг зурах үеэр хэлсэн байна.

Энэхүү санхүүжилтээр дамжуулан ХасБанк хөрөнгийн чадавхаа нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөж, мөн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих санхүүгийн эх үүсвэрээ бэхжүүлэх болно. Энэ санхүүжилт нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг, дунд бизнесийг дэмжихэд томоохон хувь нэмэр болж байгааг талууд гэрээнд гарын үсэг зурах үеэр мөн онцолж байлаа.

Олон Улсын Санхүүгийн Корпораци

ОУСК нь Дэлхийн Банкны гишүүн байгууллага бөгөөд хувийн секторт чиглэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамгийн том хөгжлийн байгууллага юм. Өдгөө дэлхийн 100 гаруй улсад хувийн секторт хөрөнгө оруулж ажиллахын зэрэгцээ тэдгээрийн компанийн засаглалыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэх, байгаль, хүрээлэн буй орчны хамгаалах зэрэг санхүүгийн бус үйл ажиллагааг идэвхитэй дэмжин ажилладаг. ХасБанк нь ОУСК-тай 1999 оноос хойш хамтран ажиллаж байна.