Type search keyword

ХасБанк Азийн Банкны Холбооны 30 дугаар чуулганд Платинум ивээн тэтгэгчээр оролцлоо

Ази тивийн банк санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй уулзалт болох “Азийн Банкны Холбооны 30 дугаар чуулган” 2013 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулган Монгол Улсад анх удаа зохиогдсон бөгөөд  “АЗИ ТИВ: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор явагдсанаараа ихээхэн онцлогтой боллоо.
 
Банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг ХасБанк энэ чуулганыг зохион байгуулахад гар бие оролцож, Монгол Улсын банк санхүүгийн салбарыг төлөөлөн “Платинум” ивээн тэтгэгчээр оролцлоо. ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д. Бат-Очир банкны болон банкны бус санхүүгийн салбарын гүйцэтгэх удирдлагын түвшинд зохион байгуулагдсан “CEO хэлэлцүүлэг” нэртэй уулзалт ярилцлагад оролцсон бол ХасБанкны Ерөнхий захирал Ж. Ганбаатар Байгаль орчинд ээлтэй тогтвортой эрчим хүчний санхүүжилт сэдэвтэй тусгай хуралдааны үеэр илтгэл тавьж оролцлоо.
 
Азийн Банкны Холбооны хувьд жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээгээрээ дамжуулан тив, бүс нутгийн түвшинд банк санхүүгийн салбарын төлөөлөл болсон нөлөө бүхий байгууллага, мэргэжилтнүүд болон томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож уулзуулдаг, тодорхой асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлийг эрэлхийлж байдаг.
 
 
Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн энэ уулзалтад Азийн Банкны Холбооны гишүүн 16 орны банк санхүүгийн байгууллагын 250 орчим төлөөлөгч оролцлоо.