
ХАСБАНК БА БЕЛАРУСЬ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК ЭКСПОРТЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2013 оны 9 дүгээр сарын 05, Улаанбаатар
ХасБанк, Беларусь Улсын Хөгжлийн Банктай /БУХБ/ экспортын санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Беларусь-Монголын хооронд анх удаа зохиогдсон бизнес чуулганы хүрээнд хийгдэж буй гол ажлуудын нэг бөгөөд хоёр банкны хамтын ажиллагаа нь Беларусь-Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлээд зогсохгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, өргөжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулах юм.
Гэрээнд Беларус Улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Сергей Румас, ХасБанкны Ерөнхий Захирал Ж. Ганбаатар нар гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны гэрээ нь Беларусь Улсаас бараа бүтээгдэхүүн импортлогч Монгол Улсын ААН-үүдэд ХасБанкаар дамжуулан Беларусийн Хөгжлийн Банкны бага хүүтэй экспортын зээлд хамрагдах боломжийг нээж өгч байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.
Беларусь Улсын Хөгжлийн Банк нь засгийн газрын хөтөлбөрүүд , нийгмийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор 2011 онд байгуулагдсан. Тус банк нь улсынхаа экспортыг дэмжих зорилгоор засгийн газрын харьяа Эксмигарант агентлагаар даатгуулан бага хүүтэй зээл олгон ажиллаж байна.
XасБанк нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд иргэд, бичил ба жижиг дунд бизнес эрхлэгч, томоохон аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тус банк нь өөрийн 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, 1000 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан орон даяар нийт 500 мянга гаруй харилцагч нартаа санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж байна. ХасБанк нь үйл ажиллагаандаа Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.