
ХасБанк “Үйлчилгээний Төгөлдөршил”хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж сайн үнэлгээ авлаа
Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк нь “Үйлчилгээний Төгөлдөршил” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн анхны арилжааны банк боллоо. ХасБанк олон улсын үйлчилгээний стандартыг Монголд нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний чанараар шилдэгт тооцогддог, Сингапур улсад нэвтэрсэн уг хөтөлбөрийг 2011 оны 7 дугаар сараас хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн үр дүнд ХасБанк өөрийн үйлчилгээг сайжруулаад зогсохгүй нийт банкны салбарт үйлчилгээний шинэ соёл бий болгох юм.
Сингапурын KBE Consulting Pte компани анх ХасБанкинд энэ хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх санал тавьж хамтарч ажиллажээ. Саяхан тус компанийн Эдди Эдвардсийн ахалсан аудитийн баг ХасБанкны хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнг 2012 оны 7 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд шалгаж, дүгнэлт хийлээ. Аудитын багийн үнэлгээгээр ХасБанк нь сайн дүн авч “Үйлчилгээний Төгөлдөршил” хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан байгууллага боллоо. Үйлчилгээний төгөлдөршил гэдэг нь манай улсын үйлчилгээний байгууллагуудын хувьд шинэлэг зүйл бөгөөд ХасБанк энэ хөтөлбөрөөр дамжуулан олон улсын үйлчилгээний стандартыг харилцагчиддаа хүргэж, бусад байгууллагуудыг үлгэрлэн дагуулж байгаа юм.
Үйлчилгээний төгөлдөршил гэдэг нь үйлчлүүлэгчтэй эелдэг харьцаж, түргэн шуурхай үйлчлэхээс хавьгүй өргөн ойлголт. Энэ нь аливаа байгууллагын үйл ажиллагаа, бодлого, дүрэм журам, хүний нөөцийн бодлогыг шинэчлэхээс эхэлдэг бөгөөд төслийг амжилттай нэвтрүүлэх нь байгууллагын бүх шатны ажилтнуудын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой байдаг. KBE Consulting Pte компани ч ХасБанкны үйлчилгээний төгөлдөршил хөтөлбөрийн үр дүнг банкны дээд албан тушаалтны удирдлага, хүний нөөцийн зохицуулалт, харилцагчдын сэтгэл ханамж, санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэсэн юм.
Үйлчилгээний төгөлдөршил хэмээх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд удаагүй байгаа ч богино хугацаанд сайн гэсэн үнэлгээ авсан нь ХасБанкыг олон улсын жишигт хүрсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсныг харууллаа. Цаашид энэ хөтөлбөрийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээс гадна олон улсын жишигт хүрсэн шилдэг үйлчилгээг харилцагчиддаа хүргэхээр ажиллаж байна.