ХасБанк Хөрөнгийн чадавхаа 40 сая ам.доллараар нэмэгдүүллээ
Олон Улсын Санхүүгийн Корпорацийн хөрөнгийн сангаас 2012 оны 6-р сарын 28-ны өдөр ХасБанкинд 40 сая хүртэлх ам.долларыг хоёрдогч өглөгийн зээлийн гэрээгээр олголоо. Энэхүү Монгол Улсын хөгжилд зориулан ОУСК-иас оруулж байгаа хөрөнгө оруулалт нь ХасБанкинд хөрөнгийн чадавхаа нэмэгдүүлэн бэхжүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөх боломж олгож байгаа ба жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээт санхүүгийн үйлчилгээний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Жижиг, дунд болон бичил бизнесийн зээл олголтоороо улсдаа тэргүүлдэг ХасБанк нь Монгол орон даяар 100 орчим салбарууд, бизнес үйлчилгээний төвүүдээрээ дамжуулан таван зуун мянга гаруй үйлчлүүлэгчиддээ үйлчилгээ үзүүлдэг. ХасБанк нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар тэдний санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа билээ. ХасБанкны Гүйцэтгэх захирал Д. Бат-Очир хэлэхдээ: “Дэлхийн эдийн засаг суларч үүний үр дагавар нь Монгол улсад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа энэ үед ОУСК-иас олгож буй санхүүжилтийн тусламжтайгаар бид өөрийн төлбөрийн чадвараа нэмэгдүүлж, хөрөнгийн чадавхаа зохих төвшинд хадгалах болно. Мөн бидний зах зээлд эзлэх хувийг илүү хурдтай нэмэгдүүлэхэд бидэнд туслах болно” гэлээ.
ОУСК-ийн Хөрөнгийн Сангийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын санхүүгийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг банкнуудыг дэмжиж ажиллах юм. ОУСК-ийн Хөрөнгийн Сангийн тэргүүн Маркос Бружис хэлэхдээ: “Энэ хөрөнгө оруулалт нь ХасБанкны хөрөнгийн эх үүсвэрт дэмжлэг болж жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох санхүүжилтийг бий болгон олон улсын хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэхэд тус дөхөм болно. Бид цаашид тус улс дахь түнштэйгээ харилцаагаа бэхжүүлж хурдацтай хөгжиж буй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
Дэлхийн банкны группийн гишүүн болох ОУСК нь хувийн хэвшлийг хөгжүүлэх тал дээр голлон анхаарч ажилладаг дэлхийн хөгжлийн хамгийн том байгууллага бөгөөд ХасБанктай олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. ОУСК нь 2008 оноос ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн 15.2 хувийн хувьцааг эзэмшигч болсон юм. Мөн энэ оны эхээр ОУСК нь Хятадын буурай хөгжилтэй бүс нутаг болох Шин Жан дахь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн эх үүсвэр бий болгох мөн Төв Ази дахь санхүүгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн БНХАУ дахь хамтарсан санхүүгийн байгууллагад 1.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.