Type search keyword

Энэ жилийн Дээд Лигийн МӨНГӨН медальт ХАСЫН ХҮЛЭГҮҮД баг Европийн орнуудаар аялан тоглолт хийгээд ирлээ

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орчныг бүрдүүлэх, Монгол Улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүн дотроос багийн спортын шилэгдмэл төрлүүд болох сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортыг дэмжигч ХасБанкны сагсан бөмбөгийн Хасын Хүлэгүүд баг дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Дээд лигийн тэмцээнд 2006 оноос хойш тасралтгүй амжилттай оролцсон Хасын Хүлэгүүд баг 2006, 2007, 2011оны “Хүрэл медаль”, 2009 болон 2010 оны “Алтан медаль”-ын эзэд болж байсан бол энэ жил анх удаагаа “Мөнгөн медаль”-ийн эзэд болж өмнөх жилийн амжилтаа ахиуллаа.

Лигийн аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Хасын Хүлэгүүд багийн тоглогч Кимарли Уилльямс хүртсэн нь Лигийн түүхэнд анх удаа гадны лигонер тоглогч энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн тохиолдол боллоо. Мөн “Өсөх ирээдүйтэй тоглогч”- оор Хасын Хүлэгүүд багийн холбогч Б.Батжавхлан шалгарсан нь дээд лигийн энэ улирлын онцлох үйл явдлуудын нэг байлаа.

О.Баярцог дасгалжуулагчтай Хасын Хүлэгүүд баг нь дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсныхоо дараахан буюу 5 дугаар сарын 24-нөөс 6-р сарын 10-ны хооронд Европын Холбооны ХБНГУ, Белги, Нидерланд, Франц улсуудаар аялан тоглолт хийгээд амжилт дүүрэн ирлээ. Энэхүү айлчлал нь Монголын сагсчдын Европ тивд хийсэн анхны аялан тоглолт болсон ба энэхүү аялан тоглолтын гол зорилго нь өөрсдийн ур чадварыг гадны тамирчидтай сорьж мөн туршлага судлах зорилготой байсан. Энэхүү зорилгоо ч амжилттай биелүүлж 4 улсын сонирхогчдын болоод мэргэжлийн 6 багтай тоглосноос бүх тоглолтондоо ялалт байгуулан бахархам амжилттайгаар эх орондоо ирлээ. Гадны тоглогчид манай тамирчдаас өндөр нуруулаг байсан ч Монголын тамирчдын тоглолтын техник, тактик ур чадвар ижил түвшинд байгаа нь Монгол Улсад спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн спорт хэр түвшинд хөгжсөнийг олон хүмүүс таниулж, сурталчилж чадсан үйл явдал боллоо.

Тэд буурал тив дэх эхний тоглолтоо Бельгийн “Антиверп Жайантс” багтай хийж, 82:75 харьцаатай хожсоноос гадна тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, хожсон байна. “Хасын хүлгүүд”-ийнхэн Бельгиэс гараад Голландад очиж, тус улсын “Роттердам Зуид” багийг мөн 108:75-аар, дараа нь Голланд дахь монголчуудын шигшээ багтай тоглож, ялалт байгуулжээ. Үүний дараа нь зургадугаар сарын 5-нд Францын Британи мужий Ренне хотод очиж, тус мужийн аварга, үндэсний нэгдүгээр лигт тоглох эрхтэй болсон “URB” багтай тоглож, 76:61-ээр хожжээ.

Энэхүү аялан тоглолтыг ХасБанк болон 50 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, Бельги улсад суугаа Монголын Элчин Сайдын Яамны хамт олон, БВУ-ын Антверпэн хотын "Эв Нэгдэл" Холбоо хамтран зохион байгууллаа.