Type search keyword

ХасБанк Монголын хамгийн идэвхтэй худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлдэг банкаар тодорч, шагнал хүртлээ

ХасБанк нь том болон жижиг, дунд бизнес эрхэлдэг харилцагч нартаа худалдааны санхүүжилтийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилгоор 2006 оны 9-р сард Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны “Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр”-т нэгдэн орсон билээ. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк нь тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн идэвхтэй худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлдэг банкыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

2012 оны 5-р сарын 17-ны өдөр Английн Лондон хотноо зохион байгуулагдсан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны хурлын үеэр ХасБанкыг 2011 оны Монголын хамгийн идэвхтэй худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлсэн банкаар шалгаруулан, шагнал гардууллаа. Шагналыг ХасБанкны Гүйцэтгэх Захирал ноён Д.Бат-Очир хүлээн авч, санал сэтгэгдэлээ хуваалцлаа.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны энэхүү хөтөлбөрт 20 орны 100 гаруй аккредитив нээдэг банкууд нэгдсэн ба тэдгээр банкуудын нээсэн аккредитивийг баталгаажуулдаг гадаадын 800 гаруй томоохон банкууд байдаг. Энэ хөтөлбөрт нэгдэхэд тавигддаг гол шалгууруудад банкны тогтвортой санхүүгийн байдал, засаглалын байдал, олон улсын стандартад нийцсэн худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэх чадвар гэх мэт үзүүлэлтүүд багтдаг.

ХасБанк нь “Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр”-т нэгдсэнээр дээр дурьдсан гадаадын 800 гаруй томоохон банкуудаар дамжуулан аккредитив нээх, баталгаа гаргуулах, санхүүжилт авах боломжтой байгаа бөгөөд энэ нь тус банкны харилцагч нарыг олон улсын стандартад нийцсэн худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм.