Type search keyword

ХасБанкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболдын ХасБанкны 10 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр хэлсэн үг

2011.12.22

Эрхэм хүндэт Хасчуудаа,

Хүндэт зочидоо,

ХасБанк арилжааны банкны үйл ажиллагааг албан ёсоор эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан Тэнгэр санхүүгийн нэгдэл, ХасБанкны бүх хувь нийлүүлэгчид, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн өмнөөс болон хувиасаа манай хосгүй банкны нийт хамт олон, түүний мянга мянган харилцагчид болон үйлчлүүлэгчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Хөгжлийн төлөө гэсэн нэрийн дор өнгөрсөн он жилүүдэд хичнээн ч их төслийг олон улсын болон улс үндэстний хүрээнд санаачлан сүр дуулиантай эхэлж байсан хэдийч эдүгээ тэдгээрээс бодит үр дүнд хүрсэн төдийгүй улс үндэстэн дамжсан нэр хүнд бүхий бизнесийн байгууллага болтлоо өсөн хөгжсөн нь хуруу дарам цөөхөн болов уу. Тийм ч учраас та бид ХасБанкаараа бахархах бүрэн үндэстэй бөгөөд арилжааны банкны албан ёсны зөвшөөрөл авснаас хойш өнгөрсөн цаг хугацааны энэ мөчлөг бид бүгдийг бүтээсэн ажлаа эргэн харж цэгнэн дүгнэх, хэтийн төлөвөө оновчтой тодорхойлох дахин давтагдашгүй нэгэн боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

ХасБанк бол аз хийморьтой, банк санхүүгийн салбарт анхдагч хийгээд манлайлагч байхаасаа хэзээч бэргэж шантардгүй банк. Үүний үндэс, учир шалтгаан нь энд ажиллаж байгаа манай чадварлаг бүх шатны мэргэжлийн боловсон хүчин, топ менежмент, хатуу хэдий ч шудрага ТУЗ болон олон улсын нэр хүнд бүхий хувь нийлүүлэгчдийн бүтэц гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

Зээл гэдэг нүдний гэм, зээлээ эргүүлэн төлдөг ёс Монгол оронд төдийлөн хэвшээгүй анхны жилүүдэд ч, банк санхүүгийн салбарыг хямрал нүүрлэсэн хүнд бэрх үед ч, улс орны эдийн засгийн тулхтай хөгжлийн шинэ гарааны эхэнд ч манай банк анх тодорхойлсон эрхэм зорилго, алсын хараагаасаа алхам ч ухралгүй бүх бэрхшээлийг нэр төртэй даваан туулж ирсэн төдийгүй бичил санхүүг зөв хийгээд мэргэжлийн түвшинд авч явбал ямар үр өгөөжтэй бизнес болохыг яруу тод харуулж бусад арилжааны банкуудыг энэ чигт залан манлайлж, банк санхүүгийн үйлчилгээг манай орны иргэдэд хүртээмжтэй, өргөн сонголттой болгох их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирснийг өнөөдөр тэмдэглэхэд юутай таатай. Энэ их ажлыг нугалахад манай банкны үе үеийн гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн баг тухайлбал анхны Гүйцэтгэх Захирал Чулууны Ганхуяг, түүнээс удирдлагын бухиаг авсан хоёрдахь Гүйцэтгэх Захирал Магваны Болд, өнөөдөр мянга гурван зуу гаруй хүнтэй өнөр өтгөн айл өрхийг ахалж яваа гуравдахь Гүйцэтгэх Захирал Дүгэрсүрэнгийн Бат-Очир нар онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхийн зэрэгцээ энэ баярт мөчид та бүгдийн нэрийн өмнөөс гурван захиралдаа гүн талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Майкро-Старт” төслөөс анх гараагаа авч Монгол Улсын системийн хэмжээний дөрөв дахь том арилжааны банк болтлоо өсөн тэлсэн Хасбанкны тулгын чулууг тавилцсан манай бүх анхдагчдад мөн энэ өдөр тусгайлан баяр хүргэхийг хүсэж байна.

Эх дэлхий, эрдэнэт хүмүүн, эрүүл ашгийн төлөө үйл ажиллагаагаа зориулсан манай банк Монгол Улсын банк санхүүгийн салбар дахь тэргүүлэх байр сууриа улам бататган бэхжүүлэх, олон улсын хэмжээнд олсон нэр хүнд, үйл ажиллагаагаа улам өндөрт өргөх том зорилтыг хөгжлийнхөө хоёр дахь арван жилийн гараан дээр дэвшүүлэн хөдөлмөрлөж байна. Бид эдгээр зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Учир нь өнгөрсөн арван жилд бидний бий болгосон хамгийн үнэт зүйл болох эрдэм мэдлэг, ур чадвар, асар их туршлага бүхий хамт олон бидэнд бий бөгөөд та бүхэнд ТУЗ, хувь нийлүүлэгчид урьдийн адил өндөр итгэл найдвар үзүүлсээр байх болно.

Зөв банк – ХасБанк! Бид эх орондоо хайртай!