
ХАСБАНК ДЭЛХИЙД АНХ УДАА “ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ БАНК” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ
Нидерланд Улсад төвтэй Child & Youth Finance International байгууллагаас Олон улсын чуулга уулзалтыг 2012 оны 4 сарын 3-4 ний өдрүүдэд “Amsterdam Rai Conference Center” олон улсын төвд зохион байгууллаа.
Дэлхийн 80 гаруй улсын байгууллагууд уригдан оролцож хүүхэд залуучуудад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх энэ хөдөлгөөнийг дэлгэрүүлэх, банк санхүүгийн болон хандивлагч байгууллагуудыг эгнээндээ нэгтгэх мөн энэ үйл хэрэгт тэргүүлэгч улс болон байгууллагыг шалгаруулах үйл ажиллагаа болсон юм. Чуулга уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхийн нарийн бичгийн дарга Бан Ги-мүүн илгээлт ирүүлж мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас ХасБанк уригдан оролцож Хүүхэд залуучуудад зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн болон боловсролын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч номинацид нэр дэвшиж “Child Finance Pioneer Award” буюу “Хүүхэд Залуучуудын Бүтээгдэхүүн Үйлчилгээг Санаачлагч Хошуучлагч Банк” шагналыг хүртлээ.
Энэхүү шагналыг ХасБанк, Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ийн хамтран хэрэгжүүлж буй хүүхэд залуучуудад нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон, Тэмүүлэл хөтөлбөр, Ирээдүйн Саятан, Тэмүүлэл хадгаламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санаачилан хэрэгжүүлсэн түүнчлэн өөрийн туршлагаа дотооддоо болон олон улсын хэмжээнд түгээсэн зэрэг шалгуурыг үндэслэн олгосон байна. Санаачлан хошуучлагч хэмээх энэ номинацид дэлхийн 53 банк санхүүгийн болон төрийн бус байгууллага, сангууд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн байна. Үүнээс дурьдвал, АНУ-аас Дэлхийн Эмэгтэйчүүдийн Банк, “School savings” банк, ХБНГУ-аас “My finance courch”, Энэтхэг Улсаас “ING” банк, Голланд Улсаас “Dutch Banking Association”, Канад Улсаас “Credit Canada” банк зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагууд нэрээ дэвшүүлсэн байна.
Child & Youth Finance International байгууллага нь хүүхэд залуучуудад эдийн засгийн таатай орчин, банк санхүүгийн ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн боловсролыг түгээх зорилготой олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ийнхүү өөрийн санаачилсан анхны шагналыг ХасБанк болон Х.А.С Холбоо ТББ-д олгосон явдал нь Монгол улсын нэрийг өндөрт өргөөд зогсохгүй, Банкнаас анхлан хэрэгжүүлж ирсэн хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдэд томоохон үнэлэмж болж байна. Энэхүү шагналыг гардан авсан ХасБанкны Иргэдийн Банк Эрхэлсэн Захирал Б.Дэлгэржаргал үг хэлэхдээ “Бидний хүүхэд залуучуудын гэрэлт ирээдүйд зориулан оруулж буй багахан хувь нэмрийг үнэлэж энэ шагналыг олгосонд өөрийн зүгээс болон энэ үйлсийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Хэдийгээр хүүхэд залуучуудад зориулсан санхүүгийн боловсрол болон бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өндөр зардалтай, чимхлүүр ажиллагаатай, цаг хугацаа хүч хөдөлмөр зарсан ажил байдаг боловч манай банк эрхэм зорилгодоо Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэх үзэл баримтлалыг шингээсэн байдаг. Иймээс эрдэнэт хүмүүн, бидний ирээдүй, эх орны баялаг болсон хүүхэд залуучууддаа зориулан цаашид улам ихийг хийж бүтээх болно. Ингээд бусад банк санхүүгийн байгууллагуудыг бидний эгнээнд нэгдэж ирээдүйн санхүүгийн боловсролтой, хариуцлагатай иргэдийг бэлтгэх энэ үйлсэд хамтран зүтгэхийг уриалж байна.” гэсэн юм.
ХасБанк нь Монгол Улсад aнх удаа хүүхэд залуучуудад санхүүгийн боловсрол олгох санаачилгыг гаргаж 2009 оноос Тэмүүлэл хөтөлбөрийг Дэлхийн эмэгтэйчүүдийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2010 оноос Хөгжлийн Алтан Сан Холбоо нь хүүхэд залуучуудын нийгмийн болон санхүүгийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байна. 2011 оны эцсийн байдлаар Монгол Улс даяар нийт 25 мянган хүүхэд залуучууд хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн боловсрол эзэмшиж өөрийн хуримтлалтай болсон байна.
Санаа зөв бол заяа зөв
ЗөвБанк ХасБанк