Type search keyword

Хасбанк Өмнөговийн Цогтцэций Сум, Замын-Үүдэд Шилдэг Үйлчилгээ Бүхий Жишиг Салбар, Нэгжүүдийг Байгууллаа

ХасБанк нь шилдэг үйлчилгээтэй банк болох зорилгынхоо хүрээнд Өмнөговь аймгийн уул уурхайн стратегийн ордын түшиц болсон Цогтцэций суманд үйл ажиллагаа эрхэлж байсан ХасБанкны 45-р салбар мөн Монгол улсын байнгын ажиллагаатай, хамгийн том хилийн боомт болох Замын-Үүд дэх 39-р тооцооны төвийнхөө шинэ байрны нээлтийн арга хэмээг 2012 оны 3 дугаар сар 15 болон 19-ны өдрүүдэд зохион  байгууллаа.

Цогтцэций сум болон Замын-Үүд дахь салбарын шинэ байрны нээлтийн арга хэмжээнд ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир, Байгууллагын Банк Эрхэлсэн захирал Тим О’Нил, Үйл Ажиллагаа Эрхэлсэн захирал Ч.Мөнхбаяр болон Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Батхишиг, Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх зэрэг зочдоос гадна нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, банкны харилцагчид оролцсон юм. Түүнчлэн арга хэмжээний хүрээнд шинээр бичил, жижиг бизнес эхлүүлж буй иргэдэд шинэ бизнесийн сургалт семинар зохион байгуулсан төдийгүй, Говь Шанхийн хурдан морьдийн удамтай газрыг хүндэтгэж уугуул нутгийн иргэд, уяачидтай хамтран ХасБанкны нэрэмжит 2 насны 50 гаруй үрээнүүдийн уралдаан зохион байгуулж түрүү морьдийн эздийг банкны нэрийн бэлгээр шагнасан юм.

Цогтцэций сум болон Замын-Үүдэд байрлах ХасБанкны шинэ байрууд нь дизайн, дотоод тохижилтоороо тус сумдын барилга байгуулалтанд өнгө нэмж, эрс ялгарч байсныг ирсэн зочид онцолж байсны дээр салбарын ажилтнуудын түргэн шуурхай, найрсаг үйлчилгээнд нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, харилцагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэж байлаа.

Мөн ХасБанкны Замын-Үүд дэх тооцооны төв нь иргэд харилцагчдад уртасгасан цагаар үйлчлэхийн зэрэгцээ Монгол улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор цахим банкны үйлчилгээг Гаалийн Ерөнхий Газартай хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байна.