Type search keyword

Бичил бизнес эрхлэгчид бол ирээдүйн нэмүү өртөг үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэл, нөхөрлөл, хоршооны суурь

ХасБанкны Бичил Санхүүгийн Хэлтсийн Захирал Т.ЭНХЖАРГАЛ:

ХасБанк арилжааны банкны гэрчилгээгээ авсаны 10 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна. Энэхүү хугацаанд танай хамт олон маш их амжилтын ард гарч, Монголын томоохон банкыг бий болгож чадлаа, энэ бүхний эхлэлийн хэрхэн тависан талаарх түүхээс өгүүлбэл?

Анх 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан “МикроСтарт” хэмээх төсөл нь Хөгжлийн Алтан Сан (ХАС) ХХК-ийн тулгын чулууг анх тавьсан юм. Тун удалгүй зургаан Төрийн Бус Байгууллага (ТББ)-тай нэгдэн Монгол улсын хамгийн анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) үүсгэн байгуулагдсан түүхтэй. ХасБанк үйл ажиллагаагаа эхлүүлж, банкны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрлийг 2001 оны 12 сард  авч байлаа. Өнөөдөр актив хөрөнгө, зээлийн багцын хэмжээгээр банкууд дотроо дөрөвдүгээрт байна.  Салбар нэгжийн тоогоороо гуравдугаарт орсон. Монгол улсын топ 100 татвар төлөгчийн нэг, 1300 гаруй хүнийг ажлын байрыг бий болгогч, 400,000 гаруй харилцагчтай гэх мэтээр хүрсэн амжилтууд цөөнгүй. Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч үлгэр жишээ байгууллагын нэг. Үүний зарим жишээнээс дурьдвал “Хариуцлагатай бичил санхүү”, “Ногоон Банк” зэрэг ухагдахууныг анх бий болгож, Бичил санхүүгийн болон Эко бүтээгдэхүүн үйлчилгээ, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. ХасБанк Олон улсын Карбон Кредитийн зах зээлээс төлбөр авдаг цорын ганц Монгол байгууллага юм.

ХасБанк нь бичил санхүүгээр тэргүүлэгч банкинд тооцогддог. Бичил санхүү ер нь иргэдийн аж амьдралд хэрхэн ач тусаа өгч байна вэ?

Бичил санхүү гэхээр өөрсдийн бизнесийн санаагаа хэрэгжүүлэх гэж байгаа, мөн орлого багатай иргэдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тэдний жижиг бизнесийн дэмжихэд зориулан зээл олгох үйл ажиллагааг ойлгож байсан үе саяхан. Тэгвэл орчин үед бичил санхүү гэдэг ойлголт маань улам гүнзгийрч зээл, хадгаламж, даатгал, мөнгөн гуйвуулга, төлбөр тооцоо зэрэг олон төрлийн санхүүгийн цогц үйлчилгээг багтаадаг болжээ. Бид Монгол улсын бичил санхүүгийн хамгийн анхны, туршлагатай байгууллагын хувьд энэ ойлголтын дагуу цогц үйлчилгээг харилцагчиддаа санал болгодог. Манай харилцагч нарын бизнес өргөжин томорч жижиг дунд бизнесүүд болсон жишээ маш олон байдаг. Ийнхүү нэг өрх гэр, эсвэл бизнесийн өсөлт дэвшил бий болох төдийгүй, нэмэлт ажлын байр бий болгох, төсөвт татвар төлөхөөс эхлээд улс орны эдийн засгийн хөгжилд ч зохих хувь нэмэрээ оруулж байдаг.    

Даатгалын үйлчилгээ нь бичил санхүүгийн цогц үйлчилгээнд багтдаг гэж дурьдлаа. Сонирхолтой байна тодруулаач?


Сүүлийн жилүүдэд бий болсон Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл, суурьшил нь Улаанбаатар хот эсвэл аймгийн төвүүдэд ажилгүй боловч албан бусаар орлого олох үйл ажиллагааг эрхлэн амьдардаг маш олон иргэдийг бий болгосон. Эдгээр хүмүүс бол ирээдүйн нэмүү өртөг үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэл, нөхөрлөл, хоршооны суурь. Энэ секторт ажиллаж, хөдөлмөрлөж буй хүмүүсийн хувьд тулгардаг асуудлын нэг нь төр засгаас үзүүлдэг нийгэм, эрүүл мэндийн хамгааллын даатгалд хамрагдаж чаддаггүй. Үүнээсээ шалтгаалан эрүүл мэнд, соёл боловсрол, нийгмийн хамгаалалын хөнгөлөлттэй үйлчилгээнд хамрагдах бололцоогүй байдаг тул ХасБанк бичил санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагчиддаа эдгээр асуудлаа шийдвэрлэх боломж олгодог юм.

Бид “Жаргалтай Иргэн” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг энэ онд нэвтрүүллээ. Бичил бизнес эрхлэгчдийн эрүүл мэндээс шалтгаалан эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх зэрэг эрсдэлтэй тулгарахад ямар ч нөхөн олговор авах боломж байдаггүй. Түүгээр ч зогсохгүй бичил бизнес эрхлэгчдийн ард гэр бүлийн 3-5 гишүүний амьдрал давхар явж байдаг. Яг энэ асуудлыг шийдэхэд эрүүл мэндийн бичил даатгалын зорилго оршиж байгаа юм. Бусад даатгалаас ялгаатай тал нь гэвэл хураамж шимтгэл багатай, өндөр нөхөн олговортой бөгөөд хувийн, хувьсгалын аль ч эмнэлэгт, ямар ч өвчний улмаас хэвтсэн тохиолдолд ажлын 5 хоногийн дотор явдал чирэгдэлгүйгээр нөхөн олговроо авах боломжтой.

Бичил бизнес эрхлэгчдийн маань зарим нь зээлийн дарамтанд орох явдал байдаг, харилцагчдаа өрийн дарамтнаас гаргах талаар танай банк ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

Манай банк дэлхийн томоохон бичил санхүүгийн банк, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд, ассоциациудаас санаачлан гаргасан хөгжлийн чиг баримжаа бүхий бичил санхүүгийн банкууд, байгууллагууд мөрдөж ажилладаг “Смарт” харилцагч хамгаалах зарчмуудыг үйл ажиллагаандаа 2008 оноос хойш хүлээн зөвшөөрч, нэвтрүүлж ажиллаж эхэлсэн. Энэ зарчмуудаас хамгийн чухал нэг нь харилцагчийг өрийн дарамтнаас хамгаалах зарчим юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого, харилцагчид өгөх зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөрүүдтэй хамтын ажиллах хамтын ажиллагаа гэх мэт үйл үйл ажиллагааныхаа маш олон чиглэлээр хэрэгжүүлдэг. Нэг жишээ дурьдая. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд эргэлтийн хөрөнгийн дутмаг байдлаас шалтгаалан богино хугацааны зээлийн хэрэгцээ маш их гардаг. Энэ тохиолдолд манай бизнес эрхлэгчдийн сонгодог хамгийн түгээмэл шийдэл нь богино хугацаатай 5-6 хувийн хүүтэй зээлийг хувиараа мөнгө хүүлдэг хүмүүсээс авчихдаг. Заримдаа бүр өндөр хүүтэй, нэмээд өдөр бүр төлөх нөхцөлтэй зээлийг ч хувь хүмүүсээс авах тохиолдол ч байна. Тэгэхээр бид харилцагчдаа ийм төрлийн өрийн дарамтанд орохоос сэргийлж, харилцагч бүртэйгээ урт хугацааны найдвартай харилцаатай байхыг эрхэмлэдэг. Манай харилцагчийн мэргэжилтнүүд харилцагч бүрийнхээ бизнесийн онцлог, мөнгөн урсгалд тохирсон зөвлөгөө өгч, харилцагчийнхаа бизнесийн санхүүгийн асуудлаа даван туулахад нь тусладаг юм. Манай санал болгож буй бүтээгдэхүүнүүд, түүний уян хатан нөхцөл, шинж чанарууд ч үүнийг дэмждэг.

Бүтээгдэхүүний уян хатан бодлого нь харилцагчийг өрийн дарамтаас сэргийлдэг гэдэг санаагаа дэлгэрэнгүй тайлбарлаач? Манай уншигчдад сонирхолтой байх боловуу.

Бид энэ жил нэмэлт зээл, бичил зээлийн шугам, барьцааны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж, бүтээгдэхүүний бодлогоо илүү уян хатан болгох чиглэлээр тодорхой ажлууд хийсэн бөгөөд энд бичил зээлийн шугамын талаар товчхоон тайлбарлая. Бичил бизнес эрхлэгч иргэдийн хувьд банкнаас зээл аваад 2 - 3 сарын дараа зээлийн эргэн төлөлтөө хэсэгчлэн хийж эхэлдэг бол зээлийн шугамын үйлчилгээ маань зээлдэгч өөрийн бизнесийн онцлог, сарын борлуулалтын орлоготойгоо уялдуулан зээлийн эргэн төлөлтөө уян хатнаар хийх боломж олгодог юм. Мөн бизнес эрхлэгч иргэд маань өдөр болгон бизнесийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа орлогоо хуримтлуулан шугамын зээлийн дансандаа хийж, бараагаа татах үедээ зээлийн данснаасаа мөнгөө авах боломжтой юм. Ингэснээрээ зээлдэгчийн хувьд зээлийн хүүнд бага мөнгө төлөх, өөрсдийн бизнесийн орлого зарлагаа хянах боломжтой болдог юм.

Саяхан ХасБанк ХасЛотто аян эхлүүлсэн гэж сонсогдсон. Энэ ямар учиртай аян бэ?

Иргэдэд өнөөдөр зээлээс гадна хамгийн чухал санхүүгийн хэрэгцээт үйлчилгээ бол найдвартай, өндөр хүүтэй хадгаламжийн бүтээгдэхүүн. Иргэн баян бол улс баян ч гэж үг бий. Ийм ч утгаараа бид “Хуримтлалтай Монголын төлөө” уриан доор Монгол хүн бүрийг хуримтлалтай болгон, ирээдүйнхээ итгэлтэй, найдвартай амьдралыг өнөөдрөөс босгож эхлэх боломжийг олгох зорилгоор ирээдүйнхээ төлөө санаа тавьдаг иргэн бүрт зориулсан ХасЛотто аяныг өнгөрсөн сараас эхлүүллээ. Аяны онцлог нь хамгийн урт хугацаанд, хамгийн өндөр шагналын сантайгаар, хамгийн олон азтанг тодруулах явдал.  Энэ аян бол банк 10 жилийн ойг тохиолдуулан харилцагчиддаа барьж байгаа бэлэгүүдийн нэг юм. ХасБанкны хадгаламж эзэмшигч болсноор 1 жилийн туршид нийт 6 хүн иж бүрэн тавилгатай байр, 10 хүн аяллын эрх, 120  хүн 1 сая төгрөг, 10 хүүхэд Хонгконгийн Диснейлэндээр Аялах эрх, 3996 хүн бэлгийн карт хожих боломжтой. Нийт 4142 азтан шалгарах юм.

Танай банк орон нутагт франчайзингийн үйлчилгээг давхар нэвтрүүлж ажилладаг гэсэн. Энэ хэлбэрийн үйлчилгээ орон нутагт хэр их өгөөжтэй байна вэ?

Франчайзингийн үйлчилгээ гэхээр уншигчид маань гайхаж байж магадгүй. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал нэг байгууллагын хийгээд эхэлчихсэн, брэнд болчихсон нэр хүнд бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ, маркетингийг ашиглан тодорхой нөхцлийн дор бизнесийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл юм. ХасБанк нь 2003 оноос эхлэн хөдөө орон нутагт тэр дундаа суманд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж, зээлийн хоршоо болон хоршоо байгуулахаар нэгдээд байгаа иргэдтэй “Хөгжлийн хөтөч” франчайзингийн үйлчилгээгээр хамтран ажиллаж ирсэн. Хадгаламж зээлийн хоршоо нь өөрөө их онцлог байгууллага юм. Зөвхөн тухайн орон нутгийнхаа иргэдийг гишүүнээр элсүүлэн, гишүүдээсээ хадгаламж авч, зөвхөн гишүүддээ зээл олгодог. Мөн гишүүдээ бүлэг болгох, нийгмийн чиглэлтэй арга хэмжээ зохион байгуулахаас гадна байгаль орчинд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг байгууллага юм. Банк нь эдгээр хадгаламж, зээлийн хоршоодод сургалт хийх, санхүүгийн үйлчилгээний зөвлөгөө өгөх, гарын авлагаар хангах, санхүүгийн программ хангамжаар хангах, мөн шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн зээл олгох, эргэлтийн хөрөнгийн зээл олгох, ажлын байр барих зээл олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Хамгийн гол нь иргэд хоршиж нэгдсэнээрээ нийгмийн шинжтэй ажлуудыг олноор нь зохион байгуулж байгаль орчноо хамгаалахад олон нийтийг уриалах, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Үүний жишээ нь сумынхаа ахмад гишүүдийн өдрөөр мэндчилгээ дэвшүүлэх, хүүхдийн баяраар гишүүдийнхээ хүүхдүүдийг баярлуулах, спорт өдөрлөг зохион байгуулах, мөн ойр орчмын булаг шандыг хашаалж хамгаалах, цэвэрлэх, сумын иргэдээ гялгар уутнаас татгалзая уриан дор хоршооны нэрийн давуун тор хийлгэж гишүүддээ тараах зэрэг нийгмийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна.
Анх хөдөө орон нутагт хадгаламж, зээлийн хоршоодыг дэмжин хамтран ажиллаж байх үед сумын иргэд тэр дундаа алслагдсан хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд маань санхүүгийн үйлчилгээг авч чаддаггүй, суманд ганцхан санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг, зээлийн хүү маш өндөр, сарын 4 – 5 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Одоо бол нэг суманд доод тал нь 2 банк үйл ажиллагаа явуулж мөн сумын  иргэдийн өөрсдийн үүсгэн байгуулсан хадгаламж, зээлийн хоршоод санхүүгийн үйлчилгээ үзүүлэн өрсөлдөөн бий болсноор зээлийн хүү буурч, иргэд хүссэн санхүүгийн байгууллагаасаа бага хүүтэй зээл авдаг болсон байна.
Банк нь өнөөдрийн байдлаар нийт 70 гаран хадгаламж, зээлийн хоршоодтой хамтран ажиллаж байна. Эдгээр хоршоод нь нийт 12,000 гаран иргэдийн гишүүнээр элсүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим хоршоодын амжилтаас дурьдвал: гишүүдийнхээ тоог 1,200-д хүргэж, нийт 500 сая төгрөгийн активтай, өөрсдийн гэсэн ажлын байртай, гүйцэтгэх албандаа 5 хүнийг тогтмол ажлын байртай болгож сумын банкны байгууллагын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хоршоод олон байна.

ХасБанк саяхан Нийслэлийн Жижиг, Бичил Бизнесийг Дэмжих Төслийн зээлийг олгож дуусаад байгаа талаар мэдээлсэн байсан. Энэхүү төслийн зээлийн ач холбогдол юунд байна вэ?

ХасБанк дотоод, гадаадын олон байгууллагатай хамтран ажиллаж олон төсөл хэрэгжүүлдэг. Үүний нэг нь  Нийслэлийн засаг даргын Тамгийн газрын доорхи “Бичил бизнесийг дэмжих төсөл”, ХХААХҮЯамны харьяа “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-тай хамтран нийслэлийн жижиг, бичил бизнесийг дэмжих төсөл юм. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслийн бусад төслийн зээлээс ялгарах онцлог нь Монголын Үндэсний Нэгдсэн Бизнес Инкубаторын Холбооны гишүүн байгууллагуудаар дамжуулан бичил бизнес эрхлэгч нарыг бизнесийн санхүүгийн боловсрол олгох сургалтанд хамруулж бизнесээ хэрхэн үр дүнтэй удирдан зохион байгуулах, өргөжүүлэх, мөн хуримтлал бий болгохын ашиг тусыг зааж санхүүгийн сургалтанд хамруулсан юм. Энэхүү төслийн хүрээнд банк санхүүгийн байгууллагаас санхүүгийн үйлчилгээ авах гэхээр банкны өндөр шалгуур хангадаггүй, гэр хороололд амьдардаг тул хангалттай барьцаа хөрөнгө байдаггүй өрхийн бичил бизнес эрхлэгч иргэдийг хамруулан нийт 370 гаруй иргэнд 1.2 тэрбум төгрөгийн бичил бизнесийн зээлийг олгоод байна.

Бичил санхүүгийн үйлчилгээг амжилттай хөгжүүлж, олон улсад танигдсан банк зөвхөн ХасБанк л байна. Танай банкны туршлагыг олон улсад хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

ХасБанкны туршлагыг дотоод болон гадаадад өндрөөр үнэлдэг. Үүний хамгийн ойрын жишээ нь Олон улсын Кива байгууллага манай банкинд нийгмийн хариуцлагын үнэлгээ, аудит хийгээд бусад санхүүгийн байгууллагаас ялгаатай давуу тал нь ядуурлын эсрэг тууштай, гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөө, бизнес эрхлэлтийг дэмжигч, хуримтлалыг дэмжигч, шинэ технологи, дэвшлийг нэвтрүүлэгч гэсэн чиглэлүүдэд манлайлагч тэргүүний байгууллага юм байна гэдгийг онцоллоо. Мөн манай банк Монгол улсын шилдэг франчайзын үйлч илгээ нэвтрүүлэгч банкаар 2011 онд шалгарсан.  Олон улсын хөгжлийн санхүүгийн үнэлгээний Планет Рейтингс байгууллага ХасБанкны үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитоор үнэлж “4-” гэсэн хөндлөнгийн үнэлгээ гаргалаа. Энэхүү үнэлгээгээрээ ХасБанк нь дэлхийн 100 гаруй бичил санхүүгийн байгууллагуудын дунд эхний 15-т жагсаж байгаа нь тус банкнаас явуулдаг санхүүгийн үйлчилгээ, иргэдээ хөгжүүлэх, улсаа хөгжүүлэх нийгмийн хариуцлагын бодлогодоо үнэнч хэвээр явааг харуулж байгаа юм.

Танд иргэд харилцагчдадаа хандаж нэмж хэлэх зүйл байна уу?

ХасБанкны түүхийг хамтдаа бүтээлцэж ирсэн олон зуун мянган харилцагч бүртээ, мөн танай сонины уншигчдад удахгүй гарах гэж буй шинэ оны мэнд хүргэж, сайн сайхныг хүсье!