Type search keyword

Б.Дэлгэржаргал: Хүмүүс зээл аваад эргэж төлдөг юм шүү гэдгийг баталснаараа бахархдаг

Монголын томоохон банкуудын нэгт зүй ёсоор багтдаг “Хас” банкны  үйл ажиллагаагаа эрхэлсээр 13 жил, банкныхаа лицензийг авсаны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус банкны Иргэдийн банк эрхэлсэн захирал Б.Дэлгэржаргалтай ярилцлаа.


-Хүний амьдралын 10 жил гэдэг их хугацаа. Харин бизнесийн байгуулагын хувьд энэ хэр их хугацаа вэ?

 - ХасБанкны үндэс суурь 1998 онд НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байсан МикроСтарт Монгол төслөөс эхлэлтэй. 1999 онд бид Монгол Улсад анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулж байсан бол 2001 онд Хөгжлийн Алтан Сан, Говийн Эхлэл хоёр банк бус санхүүгийн байгууллага нэгдэн, арилжааны банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө Монголбанкнаас авсан юм. Монгол Улсад хэрэгжиж байсан олон төсөл хөтөлбөрөөс бие даасан, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах байгууллага бий болсон анхны байгууллага болж байлаа. Гэтэл донор байгууллагуудын санхүүгийн дэмжлэг, тусламжийг хэрхэн үр ашигтай, урт хугацаанд тогтвортой  үр өгөөжөө өгөхүйц хэмжээнд ашиглах вэ гэдгийг одоо л олон улсын хэмжээнд анхаарч ярьдаг болж байна, гэтэл бид 10 гаруй жилийн өмнө үүнийг хийчихсэн, олон улсын хэмжээнд дурьдагддаг амжилттай цөөхөн жишээнүүдийн нэг болж байна. Одоо бодоход 10 жил гэдэг харвасан сум шиг өнгөрчээ. Дөнгөж л хорин хэдтэй залуус ажлаа эхэлж байсан санагдана. Одоо бүгд туршлагжиж, намба суусан дунд үеийнхэн болсон байна шүү. Банк маань ч гэсэн Монголын зах зээлд тодорхой байр сууриа эзэлж, олон шинэлэг санаа, шийдлийг эх орондоо нэвтрүүлжээ. Би банкныхаа үйл ажиллагааг төсөөлж хэлбэл, сургууль төгсөж буй, ид юм хийж бүтээх оргилуун хүсэл эрмэлзэл, эрч хүчтэй залуу насан дээрээ явж байгаатай зүйрлэж болох байх. Учир нь, “Хас” банк банкны лиценз авсан бусад арилжааны банкууд дотроо хамгийн “залуу”-д тооцогдоно. Гэхдээ ололт амжилтын хувьд эн тэнцүү л явж байна даа. Цаашид ч хийх зүйл маш их байна.


-Бид гэдгийн тухайд?
-Манай залуучууд. Олон хүнийг жишээ болгон дурдаж болно л доо. Төслийн анхны бүрэлдэхүүн арваад хүн байсан. Тухайлбал,  “Хас”-ын Ч.Ганхуяг гэдгээр нь олон нийт андахгүй Сангийн дэд сайд маань байна. “Хас” банкны Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир байна. Одоо “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй М.Болд тухайн үед Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан, төслийн зөвлөх хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байлаа, мөн Засгийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл мөн зөвлөх хорооны бүрэлдэхүүнд багтаж байсан. Мөн төслөөс Банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулах, улмаар арилжааны банк болон өргөжихөд төслийг хэрэгжүүлж байсан НҮБХХ, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Мерси Кор ТББ болон Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан болон үүсгэн байгуулсан бусад төрийн бус байгууллагуудын зүгээс их олон хүн  санаа сэтгэл нэгдэж маш их дэмжлэг үзүүлж байлаа. Мөн Монголбанкны дэмжлэг, оролцоо ч мөн чухал хувь нэмэр оруулсан.


-Та хамт олонтой ямар сэжмээр холбогдов. Өндөр шалгуур давж байж хамт олонтойгоо нэгдсэн үү?
-Миний хувьд СЭЗДС-ийг төгсөөд Монголын хөрөнгийн биржид ажиллаж байсан.1998 онд НҮБХХ-ийн төсөлд ажилд авах зар сонингоос олж хараад л очиж уулзмаар санагдсан гэх үү дээ. Ер нь бол зөв бодолтой залуус нэгдсэн найрсан хамт олон намайг хүлээж байсан. Дөнгөж л уулзаж танилцаж байгаа гэхэд бүгдээрээ ухаалаг, зөв бодолтой залуус байлаа. Зөв бодолтой залуус гэдгийг онцолж байгаагийн шалтгаан нь сүүлдээ энэ үг явсаар байгаад банкны маань уриа болсон шүү дээ. “Зөв банк Хас банк” гэсэн уриаг санаж байгаа биз дээ. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг. Хүн зөв бодолтой л явбал аяндаа ажил үйлс бүтдэг болохоор бид үүнийг чухалчилж үздэг байлаа.


-1998 онд гараагаа эхэлсэн төсөл хэрхэн “Хас” банк болов. Энэ түүхийг сонирхмоор байна?

-1999 оны тавдугаар сард “Хөгжлийн Алтан Сан” банк бус санхүүгийн байгууллага үүдээ нээж байлаа. Уг нь бид эхлээд компани юм уу, хоршоо, төрийн бус байгууллага эсвэл бүр банк байгуулъя гэж ярьж байсан. Гэвч бидний хэрэгжүүлэх төсөл нэг сая долларын л өртөгтэй байсан юм. Үүнийхээ тодорхой хувийг гадны зөвлөхүүдэд цалин болгож өгөөд цаана 600 мянган доллар нь бидний гар дээр ирж байлаа. Тиймээс банк байгуулахад хөрөнгө санхүүгийн хувьд яагаад ч хүчрэхээргүй байв. Учир нь тэр үед банкны дүрмийн сан л гэхэд хоёр тэрбум төгрөгтэй байх шаардлага тавьж байсан санагдаж байна. Ямар ч байсан банк байгуулъя гэхэд их л том харагдаад байсан юм. Ингээд бид “Хөгжлийн Алтан Сан”-аа байгуулж Монголбанктай ойр дотно ажиллаж эхэлсэн. Учир нь, банк бус санхүүгийн байгууллага гэж ямар байх ёстой юм тэрийг л жинхэнэ утгаар нь хүмүүст харуулъя гэж зорьсон. Үүгээр зогсохгүй Монголбанктай хамтарч банк бус байгууллагын тухай анхны дүрэм, журмыг боловсруулахад хамтран оролцож байлаа. Ингээд 2001 оны зургадугаар сард АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжиж байсан “Говийн Эхлэл” банк бус санхүүгийн байгууллагатай нэгдэхээр гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн. Хэлэлцээр ч амжилттай болж, банк санхүүгийн салбарт өвөрмөц нэгэн түүхийг бид бүтээсэн. Үүний дараа аравдугаар сард  арилжааны банкны лиценз хүссэн өргөдлөө Төвбанкинд өгч байв. Монголбанк ч бидний хүсэлтийг цааргалалгүй хүлээн авч арван хоёрдугаар сарын 27-ны өдөр нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл өгч байлаа. Энэ утгаараа бид банкны үйл ажиллагаа явуулж эхлээд 10 жил болж байгаа юм.


-Амжилтын амтыг хэзээнээс мэдэрч эхлэв?
-Анх төсөл гэж явж байгаад компани болоод үйл ажиллагаа нь багагүй амжилттай болж эхэлсэн л дээ. Ер нь бол ес дэхь сараасаа эхлээд ашгаа өгч эхэлсэн. Гэхдээ бидний зорилго ашиг олохоосоо илүү яаж олон хүнд хүрч үйлчлэх вэ гэдэгт төвлөрч байсан. Тэр үед чинь банкны үйлчилгээ хүмүүст хүртээмжтэй биш байлаа шүү дээ. Тухайн үед хүн амын дөнгөж 1 хувь нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авч байна гэсэн судалгаа байлаа. Ихэвчлэн бие биеэсээ мөнгө зээлдэг, цалингаа авахаар нийлж хуримтлал бүрдүүлэх, ихэнхдээ ломбарданд хандаж, сарын 20 хувийн хүүтэй зээл авдаг байсан байх. Бид үүнийг өөрчилье, нийгэмд шинэчлэлт авчиръя гэж зорьсон. Энэ зорилгодоо ч хүрсэн. Энэ л бидний гол амжилт байгаа юм.


-Үйл ажиллагаа жигдрэхийн өмнө багагүй бэрхшээлтэй учирч байсан биз?
-Бэрхшээл тохиолдож л байсан байлгүй дээ. Гэхдээ бидний хувьд бэрхшээл гэсэн ойлголт байгаагүй. Манай төслийн залуус маш эрч хүчтэй хамт олонг бүрдүүлсэн байсан л даа. Хурдан хугацаанд их зүйлийг амжуулдаг, долоо хоног ажлаар яваад ирэхэд маш их ажлыг амжуулчихсан байж байдаг байлаа. Ер нь бол энэ миний хийх ёстой ажил гэж ойлгодог. Түүнийхээ төлөө бүх зүрх сэтгэлээрээ зүтгэдэг байлаа.


-Банкны салбараа нээхээр хөдөө, орон нутгаар их явдаг байсан уу?
 -Явалгүй яахав. Бидний өмнөө тавьсан зорилгын нэг нь орон нутагт салбараа нээх байсан. Тэр үед хөдөөгүүр ганцхан банк л үйл ажиллагаа явуулдаг байлаа. Орон нутгийн иргэдэд банкны үйлчилгээ дутмаг байдаг байсан. Тийм учраас бид бүх аймаг, зарим сум, суурин газруудад өөрийн салбараа нээсэн. Бид 2003 оноос хөдөө алслагдсан сумдад явуулаар банкны үйлчилгээг үзүүлж эхэлсэн, удалгүй Хөгжлийн хөтөч Франчайзын үйлчилгээг хөдөө сумдын Хадгаламж зээлийн хоршоодод зориулан нэвтрүүлсэн. Магадгүй чиний түрүүний хэлснээр бэрхшээл тэнд л байсан байж магадгүй. Хөгжилтэй ч гэх юм уу, тэр үед зам харгуй ч гэж юу байлаа. Орон нутагт зочид буудал ч ховор байж. Байгаа нэг нь халуун усгүй байх жишээтэй. Сумын Засаг Даргын Тамгын газар хоноглоно, эмнэлэг, сургууль, армидаа бүр төрөх эмнэлгийнх нь төрөхийн өмнөх тасагт нь хүртэл хоноглож явлаа шүү дээ. За тэгээд орон нутагт дор хаяж 14 хоног ажиллана.


-“Хас банк” орон нутагт санхүүгийн Франчайзинг нэвтрүүлсэн анхны банк билүү?
- Бидэнд банк бус санхүүгийн байгууллагаас эхлээд хангалттай туршлага байсан. Тиймээс орон нутгийн иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан хоршоодыг дэмжье, бие даасан санхүүгийн байгууллага жинхэнэ утгаар нь бий болгоход нь дэмжлэг үзүүлье, үүгээр дамжуулж алслагдсан сумдад байгаа иргэдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн үндсэн дээр  авахад нь Хөгжлийн хөтөч франчайзын үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 60 гаруй ийм хоршоодтой хамтарч ажиллаж байна. Ялангуяа алслагдсан сумын иргэдэд энэ ажил илүү үр өгөөжөө өгч, амжилттай яваа. Одоо зарим нь өөрсдийн “оффис”-ын байртай болохоос эхлээд, үйл ажиллагаа нь амжилтад хүрч байгааг харахад баяртай байдаг.


-Аливаа бизнесийн байгууллага ашгийн төлөө байдаг боловч нийгмийн хариуцлага, зорилго гэж байдаг. Та бүхэн энэ зорилгоороо юуг сонгосон бэ?
-Бид нийгмийн хариуцлагыг эрхэмлэдэг. Энэ ч утгаараа “Эх дэлхий”, “Эрдэнэт хүмүүн”, “Эрүүл ашиг” гэсэн эрхэм зорилготой. Үүнийг байгууллагынхаа тулгын гурван чулуу болгож томъёолчихоод байгаа. Нийгмийн хариуцлага гэхээр, ядарсан нэгэнд хандив, тусламж өгснөөрөө нийгмийн хариуцлагатай гэсэн нэр “шошго” зүүхийг эрхэмлэдэг байгууллага байдаг л даа. Бидний хувьд өөрөөр сэтгэдэг. Бидний бүх үйл ажиллагаа  нийгмийн хариуцлагад чиглэсэн байх ёстой гэж үздэг. Банкнаас баримталж буй бүхий л бодлого, явуулж буй үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээ бүгд дээрх зарчимтай холбогддог. Жишээлбэл, “Эх дэлхий” гэхээр байгаль орчиноо цэвэрлэх, мод тарих, гурван голоо цэвэрлэсэн гээд олон зүйлийг нэрлэж болж байна. Энэ үйл ажиллагаа маань өргөжиж явсаар байгаад банкныхаа бүтцэд “Эко банкны хэлтэс”-ийг байгуулах хэмжээнд хүрсэн өөрөөр хэлбэл, нийгмийн хариуцлагын чиглэлээр бүхэл бүтэн бүтэц бий болгож, орон тооны ажилтантай болгосон.  Энэ бүтцээрээ дамжуулж байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг иргэдэд нийлүүлж байна. Мөн энэ байгальд ээлтэй, тухайлбал эрчим хүчний хэмнэлттэй, эсхүл хөрсний бохирдлыг бууруулах зэрэг технологиудыг үйлдвэрлэдэг, нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийг мөн дэмжин ажиллаж байна. Зөвхөн энэ хэлтсийн хүрээнд 160 гаруй хүнийг ажлын байртай болгосон.


-Үнэнийг хэлэхэд Монголд компанийн засаглал төдийлэн хөгжихгүй байна. Гэхдээ Хас банк үүний түүчээ нь болж яваа гэж боддог. Учир нь, Хас банк шиг сүүлийн 10 жилийн турш тасралтгүй санхүүгийн тайлангийн аудитийг хийлгэсэн банк ховор байх тийм үү?
-Компанийн засаглал байгууллагын хувьд маш чухалд тавигддаг асуудал л даа. Цаашдаа энэ компанийг хэрхэн урт хугацаанд тогтвортой, үр ашигтай авч явах вэ гэдэг дээр компанийн засаглал төвлөрдөг.  Бид бүр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа үүнд маш анхааралтай хандаж ирсэн. Өнгөрсөн онд мөн олон улсын байгууллагаар энэ чиглэлээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Бид компанийн сайн засаглалаараа Монгол Улсдаа үнэлэгдэх цөөхөн байгууллагын нэг гэж тооцогддог. “Хас банк” бол “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн охин компани гэж явдаг. Харин “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн хувь нийлүүлэгчид нь “Европын сэргээн босголтын банк”, “Олон улсын санхүүгийн корпорац”, “Блю Орчерд” гээд Швейцарын хөрөнгө оруулалтын сан байна. Голландын “Триодос” банк, мөн дотоодын хөрөнгө оруулагчдыг дурдаж болно. Энэ бүх байгууллагын төлөөллөөс бүрдсэн ТУЗ гэж байдаг. Үүн дээр банкны хувьд ил тод нээлттэй байдлыг эрхэмлэдэг. Магадгүй та санаж байгаа бол “Хас банк” Дэлхийн банкнаас “Ил тод нээлттэй банк” гэсэн өргөмжлөл авч байсан шүү дээ. Мөн олон улсын аудитын “Эрнст ба Янг”, “КПМЖ”, болон “PWC” байгууллагуудаар сүүлийн 10 жилийн турш тасралтгүй санхүүгийн тайлангийн аудитийг хийлгэсэн анхны банк юм.


-Ер нь танай банкны талаар сонсч байхад маш олон анхдагч үйлчилгээг нэвтрүүлсэн байсан. Бүгдийг нь нэрлэнэ гэвэл их л олон зүйл дурдах юм байна лээ?
-Таны хэлснээр олон зүйлийг нэрлэж болно. Дан ганц Монголдоо биш дэлхийд гайхагдаж байгаа шинэлэг үйлчилгээнүүд ч бий. Гэхдээ би энд олон зүйлийг нуршилгүйгээр хэлэхэд, банкны үйлчилгээ хөгжөөгүй,магадгүй зарим талаараа уналтанд орсон байсан үед хүмүүс зээл аваад эргэж төлдөг юм шүү гэдгийг баталснаараа бахархдаг. Одоо ихэнх банк жижиг зээл, иргэдийн зээл, ЖДҮ-ийн зээл олгодог болж, банкаар үйлчлүүлдэггүй иргэд ч мөн ховор болсон байна. Үүнийг бид зах зээлд бий болгож баталж чадсан, санхүүгийн салбарт шинэ соёлыг бий болгосон нь том амжилт юм. Үйлчилгээний хувьд ч тэр санхүүгийн түрээс, орон сууцны зээл, урт хугацаатай хадгаламж, тухайлбал, Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж, Насны Нүнжиг,  АМАР үйлчилгээ гэх бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэршлийг бий болгосноороо шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн гэж боддог. Бизнесийн байгууллагуудад зориулсан Бизнесийн үйлчилгээний төвүүд, Орон сууцны зээлийн төвийг мөн байгуулж, харилцагчдынхаа хэрэгцээнд тохирсон үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд мөн анхаарч байна.


-“Ирээдүйн саятан” гэж хүүхдэд зориулсан үйлчилгээнд чинь олон нийт ам сайтай байдаг юм билээ?

-Бид 2002 онд энэ бүтээгдэхүүнээ гаргасан, өдгөө 100 гаруй мянган хүүхэд “Хас банк”-ны Ирээдүйн саятан хадгаламжийг эзэмшиж байна. Улмаар бид энэ үйлчилгээгээ улам хөгжүүлж, санхүүгийн боловсролын хөтөлбөрүүдтэй уялдуулж эхэлсэн. Тухайлал, 14-16 насныханд зориулсан “Тэмүүлэл” санхүүгийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оноос бага ангийн хүүхдүүдэд “Афлатон” нийгмийн болон санхүүгийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүгээр дамжуулж хүүхдүүд маань яаж зөв хүмүүжил авахав гэдгээс эхлээс санхүүгийн боловсролыг бага насанд нь олгохоор зорьж байна. Мөн насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролыг ч гэсэн дээшлүүлэхэд анхаарч ирсэн.


-Одоо ямар шинэлэг үйлчилгээг иргэдэд санал болгож байна?
-Хамгийн сүүлийн жишээ гэвэл, “Хуримтлалтай Монголын төлөө” хадгаламжийн 1 жилийн хугацаатай аяныг бид зарлаад байна. Иргэд маань зөвхөн зээл авах бус, мөнгөө аваад үрээд дуусах бус, ирээдүйнхээ төлөө өөртөө, үр хүүхдийнхээ төлөө хуримтлал бий болгоосой, ирээдүйн хүсэл мөрөөдөлдөө хүрээсэй гэсэн үндсэн санаан дээр аяны маань гол зорилго оршиж байгаа. Энэ аяныхаа хүрээнд 6 байр, 120 саятан, 10 гадаадад аялах эрхийг бид хадгаламж эзэмшигчид, хуримтлал бий болгож буй иргэддээ зориулан бэлэг болгон барих юм. Зөвхөн хуримтлалтай болоод зогсохгүй, үүнийхээ үр шимийг амсч ажил, амьдрал нь өөдлөн дэвждэг байгаасай гэдэгт бид хүсч явдаг.


-Банк гэхээр мөнгөний үйлдвэр биш шүү дээ. Өөрсдөө бас зээл авах тохиолдол гарах уу?
-Та түрүүн “Хас банк” олон юмны анхдагч юм аа гэж байсан. Бид энэ тал дээр ч анхдагчид болох байх. Бид 2002 онд “Олон Улсын Санхүүгийн Корпораци”-с 400 мянган ам.долларын зээл авч байсан юм. Энэ магадгүй банкны салбар дотроо гаднаас арилжааны нөхцлөөр зээл авч байсан анхны тохиолдол болсон байх. Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудаас  890 гаруй сая ам.долларын зээл аваад эргэж төлөөд явж байна. Энэ нь эргээд Монгол улсад, манай харилцагчдын үйл ажиллагааг дэмжихэд хөрөнгө оруулалт болоод зогсохгүй гадаад зах зээлд “Хас банк” төдийгүй Монгол Улсын нэр хүндийг таниулж яваа гэж боддог.


-Хас банкны ажилчид банкныхаа хувьцааг эзэмшдэг гэж сонссон юм байна. Энэ нь олон хүний анхаарлыг татдаг юм билээ?

-Бидэнд “Эрдэнэт хүмүүн” гэсэн эрхэм зорилго бий. Энэ нь нэг талаараа харилцагчид, нөгөө талаас манай ажилчид руу чиглэж байгаа. Тиймээс олон улсын туршлага дээр үндэслэн 2002 оноос ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн, мөн 2007 оноос ажиллагсдадаа зориулан Тэтгэврийн санг бий болгоод байна. Энэ ажил маань ч мөн Монгол Улсад анхдагч гэж хэлж болох байх.

-Одоо энэ бүхнээ эргээд харахад ямар амжилтад хөтөлж вэ?
- Эргээд харахад, өнөөдрийн “Хас банк” 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 1300 гаруй ажилтантай, банкуудын дунд цар хүрээгээрээ эхний дөрөвдүгээр байрт явж байна. Энэ бол “залуу” банкны хувьд чамлахааргүй амжилт. Мөн салбар нэгжийнхээ сүлжээгээр эхний гуравт явдаг. Салбарын тоо нийслэл орон нутаг нийлээд 95 хүрч байна. Бид Өнөөдөр гэхэд л Баянзүрх дүүрэгт шинэ салбарынхаа үйл ажиллагаагаа эхэллээ. Түүнчлэн зээлийн багцын чанар болон эрсдлийн үнэлгээгээр бол сүүлийн 10 жилд манай банк хамгийн сайн үзүүлэлттэй байгаа. Энэ байр сууриа өнөөдрийг хүртэл тогтвортой хадгалж яваа нь нэг том амжилт гэж боддог. Товчхон хэлэхэд, “Хас Банк” өдгөө Монгол Улсын дөрөв дэх том банк, хамгийн том 20 ажил олгогч төдийгүй хамгийн өндөр хувиар татвар төлдөг 35 байгууллагын нэг болоод байна.
Бид үйл ажиллагааныхаа цар хүрээг улам бүр өргөжүүлж 2009 оноос бичил санхүү төдийгүй, Жижиг, дунд бизнесийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Мөн байгууллагуудад чиглэсэн банкны төрөлжсөн үйлчилгээг үзүүлж байна. Бид жижиг, дунд бизнесүүдийн санхүүгийн хамгийн зөв шийдлийг нь санал болгодог санхүүгийн зөвлөх, санхүүгийн түнш нь байхыг зорьж байна.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа, та бүхний цааш цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Танд ч гэсэн баярлалаа. Энэ дашрамд Банкныхаа 400 мянган харилцагчдадаа хандаж бид бүхний амжилт харилцагчид та бүхэнтэй хамтдаа өнгөрүүлсэн 10 жилийн үр бүтээл юм гэдгийг дурдаад, та бүхэндээ 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.


Х.Түвшинтөгс