Type search keyword

Хасбанк Төслийн Зээлийн Үр Дүнг Танилцууллаа

/04.11.11/ Бичил санхүүгийн үйлчилгээг нийгмийн хариуцлагатайгаар хүргэгч ХасБанк Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Жижиг, Бичил Бизнесийн хөгжлийг дэмжих Зөвлөл”-тэй хамтран хэрэгжүүлж буй Нийслэлийн Бичил, Жижиг Бизнесийг Дэмжих Төслийн Зээлийг богино хугацаанд, өндөр үр дүнтэйгээр олгож байгаа талаар Улаанбаатар хотын удирдлагуудад өнөөдөр танилцууллаа.

 2011 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж буй энэхүү төсөл нь Нийслэл хотын бичил бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид бага хүүтэй, урт хугацаатай бичил зээл олгож, тэдний бизнесийг дэмжин өргөжүүлэх замаар өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилготой бөгөөд уг төсөлд одоогоор нийт 325 иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдаж, 1,05 тэрбум төгрөгийн зээлийг хүлээн аваад байна.

 Төсөлд хамрагдсан нийт зээлдэгчдийн 54 хувийг үйлдвэрлэл, 24 хувийг үйлчилгээ, 22 хувийг худалдаа эрхлэгчид бүрдүүлж байгаа бөгөөд банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ төдийлөн авч чаддагүй, амжиргааны түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй боловч хөдөлмөрийн бүтээмжээ алдаагүй иргэдэд голцуу олгогдсон байна. Тухайлбал нийслэлийн төслийн зээлд хамрагдсан иргэдийн 43 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан тухай төслийг хэрэгжүүлэгчид танилцуулгын үеэр онцолж байв.

 Ийнхүү 3 жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хамтарсан төслийн санхүүжилт болох 1 тэрбум төгрөгийн зээлийг ХасБанк нь Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд ажиллаж буй 20 салбар нэгжээр дамжуулан олгож, 11,000 иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан байна.

 Энэхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар ХасБанкны Бичил санхүүгийн хэлтсийн захирал Т.Энхжаргал нэмж үг хэлэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн болон төрийн бусад үйлчилгээнээс алслагдсан иргэдийн амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээг хүргэхэд төр, хувийн хэвшилийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч болохыг энэхүү төсөл харууллаа” гэсэн юм.