Type search keyword

ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН ХАСБАНК, КИРГИЗСТАНЫ “МОЛ БУЛАК ФИНАНС” КОМПАНИ ДАХЬ ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон түүний охин компани, Монголын тэргүүлэгч банкуудын нэг ХасБанк Киргизстан улсын “Мол Булак Финанс” бичил зээлийн компанид хамтран эзэмшиж байсан 30.5 хувийн хувьцаагаа худалдах ажиллагааг амжилттай дуусгалаа.

“Мол Булак Финанс” компанид хийсэн хөрөнгө оруулалт нь ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанк (“ТэнГэр”)-ны хувьд Орос, Хятад, Өмнөд Кавказ болон Зүүн Европын улсуудын санхүүгийн байгууллагуудад бичил санхүүгийн салбарт ХасБанкны хуримтлуулсан туршлагыг нэвтрүүлэх ажлын эхлэл байсан юм.

“Мол Булак Финанс”-ын анхны стратегийн хөрөнгө оруулагчийн хувьд ТэнГэр нь 2009 оны 1 дүгээр сараас эхлэн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Бидний энэхүү хамтын ажиллагааг үр дүнтэй, амжилттай болгоход “Мол Булак Финанс”-ын хамт олон ихээхэн хичээл гарган ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. ТэнГэр-ийн зүгээс Төлөөлөн Удирдах Зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын багт нь орж, идэвхтэй ажилласны үр дүнд “Мол Булак Финанс” зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлж, удирдлагын мэдээллийн систем болон эрсдэлийн удирдлагыг сайжруулсны зэрэгцээ компанийн засаглалын стандартуудыг нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын компанид итгэх итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгө татах олон эх үүсвэртэй болж чадсан. ТэнГэр 2008 оны 6 дугаар сард “Мол Булак Финанс”-тай ажиллаж эхэлснээс хойш зээлийн багцын хэмжээ 6 дахин өсч 11 сая АНУ-ын доллар, идэвхтэй зээлдэгчдийн тоо 6.5 дахин өсч 27,600-д хүрсэн төдийгүй цэвэр ашгийн хэмжээ 2008 онд 80,000 АНУ-ын доллар байсан бол 2009 онд 3 дахин өсч 290,000 АНУ-ын доллар болж, 20 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан.

Хамтран ажиллах хугацаандаа ТэнГэр нь байгууллагын урт хугацааны, тогтвортой хөгжилд чиглэсэн өөрийн үндсэн зарчим, үнэт зүйлсийг удирдлага болгон ажилласан. ТэнГэр-ийн хувьд “Мол Булак Финанс”-тай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гол нөхцөлүүдийн нэг нь хувьцааны ихэнхийг эзэмших явдал байсан бөгөөд энэ асуудлаар тохиролцоонд хүрээгүй тул талууд удирдлагын санал болгосон хөрөнгө оруулагчид ТэнГэр-ийн хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Мол Булак Финанс”-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажилласан ТэнГэр-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг “”Мол Булак Финанс”-ын хамт олонтой ажилласнаар бид байгууллагын өөрчлөлтийг удирдах, чадавхийг бүрдүүлэх талаар ихээхэн туршлага хуримтлуулж, ТэнГэр болон ХасБанкны баг өөрийн туршлагыг хөгжиж буй бусад улсын санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг харууллаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь ТэнГэрийн бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлэх ажлын гараа байсан бөгөөд үүнээс бид санхүүгийн ашгаас гадна өөрсдийн хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авлаа. Итгэлцэл бол аливаа бизнест маш чухал, олж авахад хэцүү, харин алдахад амархан зүйл билээ. Хамгийн гол нь бид одоо юу хийх ёстой талаар илүү сайн ойлголттой болж, ТэнГэр-ийн явж буй чиглэл зөв гэдэгт бүрэн итгэлтэй болсон явдал юм.” гэж онцлон хэлэв.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл-ийн зүгээс “Мол Булак Финанс”-ын хөрөнгө оруулагчид, удирдлагын баг, хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч, Киргизстаны зах зээлд тэргүүлэгч компани болохыг хүсье.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь ХасБанк, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК, Хорус Номадик Солюшнс ХХК болон Прайм Даатгал ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хөрөнгө оруулалтын компани юм. Тус компани санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын нэгдэл болох зорилгоор бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлэх ажлаа 2009 онд Киргизстаны санхүүгийн компанид анхны хөрөнгө оруулалтаа хийснээр эхлүүлсэн бөгөөд одоо Төв Азийн улсууд, ОХУ болон БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь ИАйТи Капитал Менежмент ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Мерси Корпс, Голландын Триодос Банк Групп, Люксембургийн Вант Улсын БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан болон дотоодын зарим төрийн бус байгууллагууд зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tengerfg.mn-с авна уу.

ХасБанк нь өөрийн 80 гаруй салбар нэгжээр дамжуулан Монгол Улс даяар санхүүгийн хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг Монгол Улсын томоохон банкуудын нэг юм. ХасБанкны эрхэм зорилго бол эрдэнэт хүн, эх дэлхий, эрүүл ашгийг эрхэмлэн ажиллаж, Монгол Улсын хүн ардын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгэм, эдийн засаг, байгалийн тэнцвэртэй хөгжлийг хангахад хувь нэмэр оруулах явдал юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.xacbank.mn-с авна уу.

“Мол Булак Финанс” нь Бүгд Найрамдах Киргизстан Улсад 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй, хувь хүмүүс болон бүлгүүдэд, ялангуя Киргизстаны алслагдмал бүс нутагт оршин суудаг эмэгтэйчүүдэд барьцаагүй, бага хэмжээтэй зээл олгодог бичил зээлийн компани юм.