Ч.ГАНХУЯГ САНГИЙН ДЭД САЙДААР ТОМИЛОГДЛОО.
“Хас-ын Ганхуяг” гэдгээр олонд танигдсан, Монголын хашир туршлагатай банкируудын нэг Ч.Ганхуяг Сангийн дэд сайдын албан тушаалд томилогдлоо.
Ч.Ганхуяг нь ХасБанкийг 2001 онд үүсгэн байгуулалцаж, 2009 оныг хүртэл Гүйцэтгэх Захирлаар нь амжилттай ажиллан, тус банкийг Монголын шилдэг банкуудын нэг болгоход гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2009 оны 1 дүгээр сараас ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байгаад ийнхүү төрийн өндөр албан тушаалд томилогдож байгаа юм.
Өөрийн үндсэн ажлын зэрэгцээ тэрээр Монголын Ипотекийн Корпораци (МИК), СЕО Клуб, Хөгжлийн Алтан Сан (Х.А.С) Холбоо болон Их Талын Дуулиан ТББ-ыг үүсгэн байгуулж, эдгээр байгууллагын Удирдах Зөвлөлийн анхны дарга, Бичил Санхүүгийн Олон Улсын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийн бизнесийг хөгжүүлэх бодлогын салбар зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Одоо тэрээр Унгар Улсын Өргөмжит консул, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, Монголын Эдийн Засгийн Форумын нарийн бичгийн даргаар ажилладаг. Мөн Дэлхийн Эдийн Засгийн Форумаас сонгогдсон дэлхийн залуу манлайлагчийн хувьд өөрийн улс төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Түүнийг Сангийн дэд сайдаар томилогдсонтой холбоотойгоор компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байгаа Магваны Болдыг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Санхүү Эрхэлсан Захирлаар ажиллаж байгаа, ХасБанкийг анх үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг болох Дүгэрсүрэнгийн Бат-Очирыг ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар тус тус томиллоо. Мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ХасБанкны Гүйцэтгэх Дэд Захирлаар ажиллаж байгаа Лхагважавын Төр-Одыг томилсон.
ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар дээрх томилгоог хийснээс гадна 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг баталж, 55.1 тэрбум төгрөгөөр хөрөнгө нэмэгдүүлэх шийдвэрийг мөн гаргалаа.
Монгол төрийн их үйл хэргийг залгуулах өндөр бөгөөд хариуцлагатай албан тушаалд томилогдсон явдалд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК, ХасБанк, ХасЛизинг ХХК, Тэнгэр Даатгал ХХК, ХасСекьюрити ХХК, Хорус Номадик Солюшнз ХХК-ийн нийт хамт олных нь зүгээс баяр хүргэж, Монгол Улсынхаа төлөө ихийг хийж бүтээх үйлс тань өөдөө байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.